Гэр хороололд мод тарина

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-18 11:19:48

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 4, 10, 11 дүгээр багийн айл өрхүүдийн хашаанд мод тарина. МХЕГ-аас улсын хэмжээнд энэ сарын тавнаас ирэх сарын тавны өдрийг хүртэл “Зөв дадал-ногоон ирээдүй” аяныг өрнүүлж байгаа аж. Аяны хүрээнд байгаль орчны багц хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, хууль сахин мөрдөлтийг сайжруулж, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан явуулж байна гэж аймгийн МХГ-аас мэдээлэв. Тодруулбал, Дорнод аймгийн МХГ-аас 20 бүтээлч ажлыг төлөвлөж, аймгийн төвийн гэр хорооллын айлуудын хашаа, худгийн орчимд мод тарих, хууль бус ан агнуур, ой хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гэр хорооллын орчимд сүүлийн жилүүдэд хөрсний болон агаарын бохирдол ихсэх хандлагатай байгаа юм. Тиймээс “Гэрэл сэтгэмж”, Баян-Уул сумын ойн ангитай хамтарч дээрх ажлыг эхлүүлээд байна. 

Холбоотой мэдээ