Халх эхнэрийн толгойн хэрэглэл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн хамт олон “Цахим музей”
ажиллуулж, үзмэрүүдээ олон нийтэд сурталчилж байна. Энэ удаад Халх эхнэрийн толгойн хэрэглэлийг танилцуулж байна.
Монгол эмэгтэйн гоёл чимэглэлд үсний чимэглэл, ээмэг,
бөгж, сүйх, бугуйвч, энгэрийн гуу, бэл багтах бөгөөд эдгээрийг дотор нь халх,
ойрад, буриад гэх мэтээр ялгадаг байна. Энэхүү халх эхнэрийн толгойн
хэрэглэлийг цагаан мөнгөөр цоолборлон угалз хээ гарган хөөж давтаж гар аргаар
хийсэн ба улаан, ногоон шар шигтгээ суулгасан нарийн ур хийцтэй байна. Мөнгөн
оройвч нь 2 ширхэг санчиг болон ар талдаа 3 ширхэг мөнгөн бөөрөнхий товчтой,
шилэвчтэй. Мөн 2 ширхэг нарийн урт хавчаар, 2 ширхэг титэм хэлбэртэй хавчаартай, нийтдээ
8 ширхэг иж бүрдлээс бүрддэг байна. Энэхүү толгойн хэрэглэлийн нийт жин 915 грамм аж.
1983 онд тус Музейн ажилтан Т.Бямбадорж Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат
модны үйлдвэрт ажилладаг Б.Хөхөөжаваас худалдан авч Музейн сан хөмрөгт оруулсан
байна.