Аялал жуулчлалын 2020-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-21 16:50:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2020-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Аялал жуулчлалын мэдээллийн санг хөгжүүлэх, маркетингийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлчилгээний чанар хүртээмж, жуулчдыг татах байдлыг сайжруулан Булганхангай нутгийн онцлог, түүх соёл, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн байна.

          - Энэ жилийн хувьд аялал жуулчлалын чиглэлээр төлөвлөсөн зарим ажил хөл хорионы улмаас түр хойшлоод байна. Цаашид уламжлалт соёл, аж ахуйг сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Айргийн баяр”, “Хангинахын шугуйн шагайн тойром”, “Мөсний шагай” эвент үйл ажиллагааг тогтсон хугацаанд зохион байгуулна. Эдгээр ажлыг жил бүр зохиохоор улсын аялал жуулчлалын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд оруулан дотоод, гадаадын жуулчдыг сонирхох боломжоор хангана гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн С.Алтанзул ярилаа.

Тус аймгийн ИТХ аялал жуулчлалын ачаалал, төвлөрөл, төрөлжилт, байгаль газар зүй, түүх соёлын нөхцөл, үйлчилгээний чадамж хүртээмж, боломж зэргийг харгалзан энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г өнгөрсөн онд баталсан юм.

Сүүлийн гурван жилд гадаадын 27,5, дотоодын 168,3 мянган жуулчин тус аймагт ирсэн байна.

Холбоотой мэдээ