Цэвэрлэх байгууламжийг сайжруулахад талууд хамтран ажиллана

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-05-22 11:13:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулахад салбарын яамд, мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана.


Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үнэр гаргаж байгааг таслан зогсоох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах талаар зохион байгуулалтын болон цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн А/661 дугаар захирамжаар байгуулсан.


Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ахлан ажиллах бөгөөд Ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл багтаж байна.


Пүрэв гарагт /2020.05.21/ Ажлын хэсгийн анхны хурлаар БОАЖЯ, БХБЯ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэдээллийг сонссон байна.


Энэ үеэр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, түүнийг даган гарсан захиргааны хэм хэмжээний актууд, хэрэгжүүлэх арга зам болон нийслэл хотод цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах, цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх чиглэлээр 2017-2020 онд хийгдсэн ажлын тайлан, тулгамдаж буй асуудал, шинээр баригдаж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.


Хурлаас нийслэл хотын нутаг дэвсгэр дэх цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж, ажлыг эрэмблэн нэн шаардлагатай ажлуудыг салбарын яамд, мэргэжлийн хяналтын байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.


Тус төлөвлөгөө нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, тэмдэглэлүүд болон Барилга, хот байгуулалтын сайд Х.Бадылхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын хамтран байгуулсан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах санамж бичгийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдэх юм байна.

Холбоотой мэдээ