The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болсон нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-05-27 13:21:30

Туркийн дэмжлэгтэйгээр Ливийн засгийн газрын явуулсан байлдааны ажиллагаа амжилттай болсны дараа тус улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар “Нью-Йорк таймс” сонинд бичжээ. Нийтлэлийг бичсэн Деклан Уолш-ийн үзэж байгаагаар, Анкарагийн амжилт нь хээрийн цэргийн командлагч Халифа Хафтарыг дэмжиж буй Орос, АНЭУ хоёрыг хүнд байдалд оруулж байна. 


Туркийн дэмжлэгийг авсан цэргийн хүчнийхэн энэ долоо хоногт Ливийн баруун нутагт хэд хэдэн ялалтыг дараалан байгуулснаар хээрийн цэргийн командлагч Халифа Хафтарын амбицид хүчтэй цохилт өгсөн байна. Ингэснээр Турк улс Ойрхи Дорнодод нөлөөгөө тогтоохын төлөө өрсөлдөж буй гадаадын гүрнүүдийн дотор шийдвэрлэх гол тоглогч болсон гэдгээ харууллаа.


Ливийн цэргийн отрядууд Туркийн галын дэмжлэгтэйгээр даваа гарагт нийслэл Триполи хотоос баруун зүгт орших агаарын цэргийн томоохон баазыг эзлэн авчээ. Мөн Ливид авчирсан Оросын зенитийн пуужингийн цогцолборуудыг устгахын тулд нисгэгчгүй онгоцууд хэрэглэлээ. Пүрэв гарагт дээрх отрядууд Триполи хотоос өмнө зүгт орших гол томоохон суурин газраас Хафтарын цэргүүдийг хөөн гаргажээ.


Энэ ялалт бол НҮБ-ын дэмжлэгийг хүлээж буй Триполи дахь засгийн газрын хувьд том амжилт юм. Сул дорой мэт харагдаж байсан энэ засгийн газар бүслэлтэнд ороод байх үед Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган 1 дүгээр сард цэргүүд болон нисгэгчгүй онгоцуудаа тусламж болгон илгээжээ. Энэ бол 100 жилийн өмнө Османы эзэнт гүрэн задран унаснаас хойших хугацаанд Туркийн хийсэн хамгийн хүчтэй интервенц байв.  “Ливи Туркийнх боллоо” – энэ бол Европын Олон улсын харилцааны зөвлөлөөс гаргасан мэдээллийн гарчиг.


Жилийн өмнө Хафтар Триполийг эзлэхээр давшиж эхэлсэн юм. Тэрбээр мөргөлдөөнд ялалт байгуулж байгаа мэт санагдаж байсан бөгөөд энэ нь түүнийг ивээн тэтгэгч улсууд, тэдгээрийн дотор Орос улсын хувьд Ливийн ирээдүйд нөлөөлөх сайхан боломж гэж харагдаж байлаа.


Гэвч лхагва гарагт Триполийн засгийн газарт үнэнч цэргүүд Хафтараас олзлон авсан Оросын зенитийн пуужингийн цогцолборыг Ливийн төв нутгаар зөөж яваагаа дүрс бичлэгээр харуулав. Уг цогцолборыг АНЭУ Оросоос худалдан аваад Хафтарт өгсөн юм. Энэ нь Хафтарыг ивээн тэтгэгч хоёр гол улсыг гутаахын тулд зориуд санаатайгаар хийсэн үйлдэл байлаа.

Дараа нь пүрэв гарагт Хафтарын цэргүүд нийслэлээс 100 км-ийн зайд орших стратегийн хувьд чухалд тооцогдох Асаба гэдэг жижигхэн хотоос ухран гарав.


Ливийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стефани Уильямс хэлэхдээ “гадаадаас их хэмжээгээр зэвсэг нийлүүлж, байлдааны нисэх онгоцууд, гадаадын хөлсний цэргүүд Ливид ирсэн нь байлдааны ажиллагаа шатлан өргөжихөд нөлөөлж байгаа бөгөөд үүний улмаас Ливийн хямрал жинхэнэ дайн болон хувирч болзошгүй” хэмээн Аюулгүйн Зөвлөлд анхааруулжээ. 


Өнгөрсөн долоо хоногт Туркийн ажиллагаа амжилттай болсон нь ерөнхийдөө дайны үйл явцыг өөрчилсөн боловч үүнийг эцсийн ялалт үзэж болохгүй. 2011 онд Ливийн дарангуйлагч, хурандаа М.Каддафийг түлхэн унагаснаас хойших хугацаанд Ливийн хямралд татагдан орсон талууд ялалт, ялагдлын аль алиныг нь олон удаа амсаж байна. 


Өмнө нь Америкийн ТТГ-т ажиллаж байгаад одоо фельдмаршалын мөрдэс зүүсэн 76 настай Хафтар Триполи дахь Туркийн байнуудад хариу цохилт өгнө гэдгээ мэдэгдлээ. Түүний армийн агаарын цэргийн командлагч Сакр аль Жаруши мэдэгдэхдээ “Ливийн түүхэн дэх хамгийн том агаарын цэргийн ажиллагааг бид явуулах болно, манай онгоцууд Туркийн цэргийн бүх байрлал, объектуудыг онилон цохилт өгнө” гэжээ. 


Гэхдээ бодит байдал дээр бол Хафтар дараагийн удаад ямар алхмууд хийх ёстой вэ гэдгийг Москва, Каир, Абу-Даби дахь ивээн тэтгэгчид нь шийднэ. Эдгээр ивээн тэтгэгчид олон зуун хүний аминд хүрч, 400 мянган хүнийг орон гэргүй болгосон Хафтарын дайралтыг дэмжсэн юм. Улс төрийн яриа хэлэлцээ хийхээс нэг бус удаа татгалзаж байсан зөрүүд холбоотноо цаашид дэмжих хэрэгтэй юү, үгүй юү гэдгээ дээрх улсуудын удирдагчид ойрын үед яаралтай шийдэхээр оролдож байна.


Триполи дахь засгийн газрын Дотоод хэргийн сайд Фатхи Башага пүрэв гарагт ярьснаар бол, Хафтарт туслахаар Сири дэх баазаас Зөвлөлтийн үеийн загварын 8 нисэх онгоц Оросын орчин үеийн 2 сөнөөгч онгоцоор хамгаалуулан хөөрчээ. Үүнтэй төстэй мэдээлэл авсан гэдгээ Европын Олон улсын харилцааны зөвлөлийн төлөөлөгч мэдэгдсэн боловч эдгээр онгоц нь Оросынх уу эсвэл Сирийнх үү гэдэг тодорхойгүй байгаа аж. 


Оросын цэргийн аливаа ажиллагаа нь түгшүүртэй байдлыг улам даамжруулна. Москвагийн хувьд Вагнерын бүлэг гэдэг хөлсний цэргүүдээр дамжуулан Ливид өөрийн нөлөөг бэхжүүлж байсан юм. Кремльтэй маш нягт хэлхээ холбоотой энэхүү хувийн арми нь өнгөрсөн намар Триполи руу хийсэн Хафтарын цэргийн давшилтын явцад гол үүргийг гүйцэтгэжээ. Европын Олон улсын харилцааны зөвлөлийн төлөөлөгчийн хэлснээр бол, дээрх онгоцуудыг хөөргөсөн нь довтолгооноо зогсоож, хэлэлцээний ширээний ард суух нь зүйтэй гэж Кремлиэс Туркэд өгч буй дохио сануулга ажээ.


Оросын тал дээрх мэдээллийн талаар тайлбар өгөөгүй бөгөөд пүрэв гарагт Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров Туркийн сайд Мевлют Чавушоглу-тай утсаар ярьсны дараа Оросын ГХЯ-наас гаргасан мэдэгдлийг үзвэл, хоёр тал Ливид нэн даруй гал зогсоож, НҮБ-ын ивээл дор улс төрийн үйл явцыг сэргээхийг уриалсан байна. Энэ оны 1 дүгээр сард Ливийн асуудлаарх олон улсын бага хурал болохын өмнөхөн Орос, Турк хоёр ийм уриалга гаргаж байсан боловч Хафтар түүнийг нь огт хэрэгсээгүй юм. Тэрбээр Орос, Турк хоёрыг бие биеийнх нь эсрэг турхирч байгаа нь тэдний бухимдлыг байнга төрүүлдэг.  


1 дүгээр сарын 19-ний өдөр Берлиний бага хурлаар улс орнуудын удирдагчид уулзаж байх үеэр Хафтарын гол холбоотон болох Арабын Нэгдсэн Эмират улс Ливийн хойд нутаг руу “агаарын гүүр” тавьж, цэргийн техник, сум хэрэгслийг нууцаар тээвэрлэж байв. Ливид зэвсэг нийлүүлэхийг хориглосон олон улсын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянаж буй НҮБ-ын төлөөлөгчид зэвсэг тээвэрлэсэн нислэгүүдийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.


Туркийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан хүчнүүд Триполийн агаарын орон зайд давуу байдалтай болоод байна. Харин Хафтарын цэргүүдийн хувьд нийслэлээс зүүн өмнө зүгт орших Тархун хот эсэргүүцлийн сүүлчийн түшиц газар болон үлджээ.


“Цэргийн тэнцвэртэй байдал ихэд өөрчлөгдлөө. Энэ нь Хафтарын цэргүүдийн сэтгэл санаа, түүний холбоотны харилцаанд маш сөргөөр нөлөөлнө” гэж Ливийн асуудлаар дагнасан шинжээч, Гадаад харилцаа, аюулгүй байдлын Германы хүрээлэнгийн ажилтан Вольфрам Лахер ярьж байна.


Туркийн дэмжлэгтэй ажиллагаа амжилттай болсон нь Египетийн хувьд түгшүүрийн дохио байлаа. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси бол Эрдоганы өрсөлдөгч бөгөөд Турк улс Ливид нөлөөгөө бэхжүүлж, тэнд цэргээ байнга байлгах чадвартай гэдгийг илтгэх аливаа шинж тэмдэг нь Египетийг ноцтойгоор түгшээх болно.  


Гадаадын улс орнууд Ливийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсоор байгаа энэ үед жирийн ливичууд амь насаа алдсаар байна. НҮБ-ын тусгай төлөөлөгч Стефани Уильямс-ын мэдэгдсэнээр, 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 18 хүртэлх хугацаанд байлдааны ажиллагааны улмаас 58 энгийн номхон иргэн амь үрэгджээ. Ихэнх тохиолдолд Хафтартай холбоотой хүчнүүд үүнийг үйлдсэн байна. “Гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүдийг олон улсын эрхзүйн дагуу хариуцлагад татах ёстой” гэж тэрбээр мэдэгдлээ.


Гэсэн хэдий ч дэлхийн хамтын нийгэмлэг Ливийн талаар нэгдмэл байр суурьгүй, санал зөрөлдөөнтэй байгаа юм. Ийм учраас буруутай этгээдүүдийг хариуцлагад татах магадлал бараг үгүй. Ажиглагчдын ярьснаар, Хафтар гэнэт сэхээ орж, яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрөх болов уу хэмээн найдах л үлдээд байгаа аж.


Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар утсаар ярихдаа “гадаадын улсууд Ливийн асуудалд оролцох нь улам нэмэгдэж” байгааг онцлон тэмдэглээд “хурцадмал байдлыг намжаах нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдсэн тухай Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.  


Өмнө нь ийм нөхцөл байдал үүсээд байсан тэр үед Хафтар хэлэлцээ хийхийг хүсэхгүй байсан юм. 4 дүгээр сард тэрбээр Ливийн улс төрийн хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Уг хэлэлцээрийг НҮБ-ын зуучлалтайгаар 2015 онд байгуулжээ.


“Ливийн асуудлыг зохицуулах боломж Европын хувьд улам бүр хумигдсаар байна. Оросын довтлолтонд саад хийж, нутаг дэвсгэрийнхээ ойролцоо газарт Сирийнхтэй адил мөргөлдөөнийг үүсгэхгүй байхыг хүсч байгаа бол Европ маш шуурхай ажиллах хэрэгтэй” гэж Европын Олон улсын харилцааны зөвлөлийн төлөөлөгч Тарек Мегериси хэллээ.


Б.Адъяа


Эх сурвалжууд: https://www.nytimes.com/2020/05/21/world/middleeast/libya-turkey-russia-hifter.html

https://inosmi.ru/politic/20200522/247479607.html

 

 

Холбоотой мэдээ