Дэнжийн мянгаас очиж тоглосон хүүхдүүд осолджээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-05-28 09:41:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр насны 4 хүүхэд өчигдөр 17 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших тогтсон усанд амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Тогтоол ус нь Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн байж. 

Тодруулбал, дээрх компани нь тухайн газарт тохижилтын ажил хийж, барилгын шороо авснаас хөрсний ус тогтжээ. Энд хүүхдүүд хөөсөнцөр тавьж хөвж тоглож байгаад осолдсон байна. Хэргийн газарт үүссэн усан толионд өсвөр насны 10 орчим хүүхэд өчигдөр үдээс хойш тоглож байсан мэдээтэй байна. ОБЕГ-т 16:00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн талаар дуудлага ирүүлснээр албан хаагчид газар дээр нь ажиллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед тэрээр амиа алджээ. 

Хүүхдүүд Дэнжийн 1000-аас ирж тоглож байгаад осолдсон бөгөөд Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 

Хэргийн талаар өчигдөр орой нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавьж байгаа дугуйн замын ажлыг нийслэлээс хянах явцад “Хан талст” ХХК зөвшөөрөлгүй барилга барьж байсан. Үүнийг шалган тогтоох Ажлын баг байгуулж, тухайн газарт ажиллан дүнг тавдугаар сарын 21-нд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн" гэв. Өнгөрсөн 7 хоногт тухайн газарт нийслэлийн Засаг дарга очиж, нөхцөл байдалтай танилцан “Хан талст” ХХК-ийн барилгын ажлыг зогсоосон аж. 


Холбоотой мэдээ