“Миний хайртай үлгэрийн баатар” гар зургийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-28 12:24:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв номын сан  “Миний хайртай үлгэрийн баатар” гар зургийн цахим уралдаан зарлан дүгнэлээ. Энэ уралдааныг гурван насны ангиллаар зарласан бөгөөд 20 шахам хүүхэд өөрийн уншсан зохиолын хамгийн хайртай дүрийг зурж уралдаанд оролцжээ.

            Гар зургийн уралдааны бага насны ангилалд Булган сумын 3-р сургуулийн 4-р ангийн сурагч А.Цэенханд “Алиса гайхамшгийн оронд” зохиолын Малгайчин дүрийг зурж түрүүлжээ. Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч Б.Азбилэг “Үлэмж биетний үлгэр"-ийн Үлэмж биетэн, Дашинчилэн сумын сургуулийн 3-р ангийн сурагч Ц.Баярмаа “Mickey Mouse” зурж дэд болон гутгаар байрт шалгарчээ.

Дунд насны ангилалд Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч М.Мишээл “Морь унасан толгойгүй хүн” зохиолын Морьис Джеральдын дүрийг зурж тэргүүн байр эзэлж, Булган сумын 1-р сургуулийн 7-р ангийн сурагч Б.Хүслэн “Алтан залаат тахиа муур”, мөн сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч Б.Хулан “Чингис хаан комик цуврал”-ын Тэмүүжиний дүрийг зурж удаахь байруудыг эзэлсэн байна.

-“Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлж бүх нийтээр өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио тогтоосон учир нийт уншигч, иргэдэд номын сангийн зарим үйлчилгээг цахимаар хүргэх, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүлээрээ манай номын сангаар цахим аялал хийх, хөл хорионд байгаа сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор гар зургийн уралдаан зарласан. Мөн “Үлгэр ярьж өгье” сэдвээр уралдаан зарласан. Хүүхдүүд мэддэг үлгэрээ ярьж видео бичлэг хэлбэрээр манайд ирүүлж байна гэж аймгийн Төв номын сангийн мэдээллийн ажилтан Г.Энхбилэг ярилаа.

“Миний хайртай үлгэрийн баатар” гар зургийн уралдаанд ахлах насныхан оролцоогүй байна.

Холбоотой мэдээ