Арктикийн төлөөх Америк-Оросын өрсөлдөөн ширүүссэн нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-06-02 15:01:55

Арктик дахь Орос, Америк хоёрын өрсөлдөөн улам даамжирч, шинэ шатанд гарлаа. Үүнтэй холбоотойгоор Оросын тал АНУ-д хандан бодлогогүй алхам хийхгүй байхыг анхааруулсан байна. Америкийн тэнгисийн цэргийн хүчин усан замаар чөлөөтэй зорчих эрхийг хангах ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа нь Оросын эдийн засгийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болно. Америкийн хөлөг онгоцууд саяхнаас Баренцын тэнгист эргүүл хийж эхэлсэн ба хүйтэн дайн дууссанаас хойших хугацаанд АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд ийм өргөн хэмжээнд сүр хүчийг үзүүлж байгаагүй тухай Хятадын sohu.com цахим хуудсанд дүгнэн бичжээ.      


Хэдхэн хоногийн өмнө Америкийн эскадрын мина зөөгч 3 хөлөг онгоц, Их Британийн 1 харуулын хөлөг онгоц хангалтын бусад хөлөг онгоцуудын хамтаар Арктикийн усанд нэвтэрчээ. АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд Арктикийг ихэд сонирхож байгаа бөгөөд эргүүлийн хөлөг онгоцны бүлгээ өргөжүүлсэн нь үүнийг гэрчилж байна. 


Тус бүс нутагт мөсөн уулс хайлж байгаа нь Европ-Азийн хооронд далайн тээврийг богино хугацаанд хийх, цаг уурын хүнд нөхцөл ба өртөг өндөртэйн улмаас ашиглах боломжгүй байсан Арктикийн баялагт нэвтрэх боломжийг олгож байна. Энэ нь эрсдэлтэй алхам хийхэд хүргэхүйц ашиг сонирхлыг америкчуудад бий болгожээ.


...Харин Орос улс Баренцын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн нутаг дэвсгэрийн усан орон зайн /усан нутаг дэвсгэр/ нэг хэсэг үздэг. Эдийн засгийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүхий л боломжтой хэрэгслийг ашиглана гэдгээ Москвагийн зүгээс америкчууд болон дэлхийн хамтын нийгэмлэгт маш тодорхой ойлгуулсан. Үүнтэй холбоотой эрсдэлүүдийг тооцож үзвээс, хэрвээ АНУ Арктик дахь цэргийн оролцоогоо өргөжүүлэх аваас Вашингтон, Москва хоёрын хооронд мөргөлдөөн үүсэх магадлал бий.


Хойд Мөсөн далайн эргийн шугамын дагуу Оросын босгосон “төмөр хөшиг”-ийг нураах нь зүйтэй гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны зарим төлөөлөгчид цөхрөлтгүйгээр нотолсоор байгаа юм. Ингэхдээ тэд Арктик дахь тэнгисийн цэргийн ажиллагааг идэвхжүүлэх, Баренцын тэнгис дэх эргүүлийн бүлгийг өргөжүүлэх, “усан замаар зорчих эрх” гэдэг ажиллагаа явуулахыг уриалж байна. 


Хэдийгээр далайн эрхзүйн тухай НҮБ-ын Конвенцийг АНУ батлаагүй боловч Вашингтоны зүгээс “манай хөлөг онгоцууд олон улсын усаар дамжин зорчих эрхтэй” гэж мэдэгдсээр байгаа юм. 1983 оноос хойш Америкийн тэнгисийн цэргийн хүчин усан замаар чөлөөтэй зорчих эрхийг хангах зорилгоор 400 гаруй ажиллагаа явуулжээ. Эдгээр цэргийн сургуулилт бол Оросын давамгайллыг сөрөн зогсох чухал хүчин зүйл мөн гэж усан замаар чөлөөтэй зорчих эрхийг өргөжүүлэх байр суурьтай хүмүүс үздэг. 


АНУ, НАТО-гийн аливаа ажиллагааны гол зарчмуудын нэг бол Оросын хууль тогтоомжуудыг саармагжуулан сөрөх явдал юм. Эдгээр улсын үзэж байгаагаар, Оросын хууль тогтоомжууд нь Далайн эрхзүйн НҮБ-ын Конвенцийн 234-р заалтад үндэслэн Арктикийн усанд үйл ажиллагаа явуулахыг хэтэрхий хязгаарлаж байгаа аж. Өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Орос улс “Хойд тэнгисийн зам нь тус улсын нутаг дэвсгэрийн усаар дайран өнгөрч байгаа тул усан замаар чөлөөтэй зорчих эрх уг замд үйлчлэхгүй” гэж үзэж байгаа юм.

Хойд тэнгисийн зам ба Суэцийн сувгаар дайрдаг зам 


Усан замаар чөлөөтэй зорчих эрхийг үндсэнд нь үгүйсгэсэн хэд хэдэн хуулийг Оросын тал баталжээ. Эдгээр хууль нь Канадын хуулиудтай төстэй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Канад улс НҮБ-ын Конвенцийн 234-р зүйлийг үндэслэн тус улсын нутаг дэвсгэрт хамаарах Арктикийн усан орон зайгаар хөлөг онгоцууд дамжин өнгөрөхийг хориглох тухай хууль баталсан байна.


Конвенцийн заалтыг үндэслэн Орос, Канад хоёр ийм хууль баталсан нь АНУ болон бусад улсын зүгээс эрхзүйн маргаан үүсгэж байгаа юм. Дэлхийн дулаарлаас үүдэн мөсөн уулууд маш хурдан хайлж байгаа учраас Арктикаас эдийн засгийн үр ашиг хүртэнэ хэмээн дээрх улсууд найдаж байна.  


Оросын Ерөнхийлөгч В.Путиний тооцоолсноор, тус улсад харьяалагдах Арктикийн бүсэд 30 орчим их наяд доллароор үнэлэгдэх хэмжээний ашигт малтмал байгаа учраас Орос улс Арктикийг өөрийнх гэж үзэж байгаа юм. Тухайн бүс нутгийн талаарх Оросын байр суурийн гол чиглэл бол өөрийн санхүүгийн ашиг сонирхлыг хамгаалах, Арктикийн мөс хайлсны дүнд шинээр бий болж буй “нутаг дэвсгэрийн усан орон зай”-н давуу талыг ашиглан эдийн засгийн ашиг хүртэх явдал юм. Тэгэхээр АНУ тус бүс нутагт сүр хүчийг үзүүлж, шинэ хүйтэн дайныг өдөөхөөр заналхийлсэн ч гэсэн Орос улс өөрийн байр сууринаас ухрахгүй нь.


Усан замаар чөлөөтэй зорчих тухайд өөр нэгэн чухал хүчин зүйл бий. “Эргийн улсын аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр гэмгүй нэвтрэн өнгөрөх” гэдэг бол усан замаар чөлөөтэй зорчих эрхийг хангахад чиглэсэн цэргийн сургуулилт явуулах үндэслэлийг бий болгож буй гол үзэл баримтлал юм. Гэтэл АНУ болон НАТО-гийн хөлөг онгоцууд ийм ажиллагаа явуулахдаа тэнгист байрлалтай далавчит пуужингууд, “газар-агаар” ангиллын пуужингуудаар зэвсэглэсэн байгаа нь Сибирьт байрлаж буй Оросын Стратегийн пуужинт цэргийн хүчний аюулгүй байдалд заналхийлдэг.  


АНУ “газар-агаар” ангиллын SM-3 Block IIA загварын пуужингаа шинэчилж байгаа бөгөөд уг пуужинг “Ижис” систем бүхий хөлөг онгоцуудад ашигладаг “Mark 41” гэдэг эгц хөөргөх төхөөрөмжнөөс хөөргөх боломжтой. Тив алгасах пуужингуудыг илрүүлэн устгаж чадах амдан сөнөөгч шинэ төрлийн пуужингуудыг 2020 оны III улиралд туршихаар төлөвлөж байна. Америкийн байнуудыг онилсон Оросын Стратегийн цөмийн хүчний ихэнх хэсэг нь Хойд Мөсөн далайд байрладаг учраас уг бүс нутагт дээрх төрлийн пуужингаар зэвсэглэсэн Америкийн хөлөг онгоцууд байрлах явдлыг “гэмгүй ажиллагаа” гэж үзэх боломжгүй юм.


Mark 41 системийг ашиглан тэнгист байрлалтай далавчит пуужингуудыг (SLCM) хөөргөх боломжтой. Түүнээс гадна америкчууд тэнгист байрлалтай, 5-150 хүртэлх килотоннын хүчин чадалтай W-80-4 цэнэгт хошуунууд бүхий шинэ загварын пуужин зохион бүтээж байна. Ийм пуужингаар зэвсэглэсэн хөлөг онгоцууд Хойд Мөсөн далайд үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд Оросын Стратегийн цөмийн хүчний эхний цохилтыг няцааж чадах учраас тухайн хөлөг онгоцууд нэвтрэн өнгөрөх явдлыг “гэмгүй хоргүйгэж тодорхойлох аргагүй.


Одоогийн байдлаар Арктикт Оросын цэргийн 6 бааз, нисэх онгоцны 9 буудал, олон тооны зенитийн пуужингийн цогцолборууд, цэргийн хөлөг онгоцны боомтууд байрлаж байгаагийн зэрэгцээ Стратегийн нэгдсэн командлалын удирдлагын дор Оросын Умард флотын хөлөг онгоцууд үүрэг гүйцэтгэдэг. Зенитийн пуужингийн цогцолборын бүрэлдэхүүнд Зөвлөлтийн үеийн СА-15 системийн шинэчилсэн хувилбар болох Тор-М2ДТ ба шинэчлэн сайжруулсан “Панцирь-СА” системүүд багтаж байна. Далавчит пуужингаас хамгаалах зориулалттай, Арктикийн цаг уурын хатуу ширүүн нөхцөлд зохицсон эдгээр систем нь бүтэн жилийн туршид байлдааны бэлэн байдалд байдаг. Орос улс Арктикт цэргээ байрлуулсан нь давшилтын гэхээсээ илүүтэй хамгаалалтын шинжтэй бөгөөд гол зорилго нь АНУ ба НАТО-гийн зүгээс Хойд Мөсөн далайд өдөөн хатгалга хийх аюулаас үндэсний аюулгүй байдлын эрх ашгаа хамгаалахад оршино.

Арктик дахь Оросын цэргийн хүч 


АНУ болон түүний холбоотнуудын шаардаж буй усан замаар чөлөөтэй зорчих эрх нь эргийн улсын аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр нэвтрэн өнгөрөх /гэмгүй нэвтрэн өнгөрөх/ шаардлагыг зөрчиж байсан учраас хуучин ЗХУ ч мөн адил үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс нутаг дэвсгэрийнхээ усан орон зайд гадаадын цэргийн хөлөг онгоцуудыг нэвтрүүлдэггүй байв. Үүний тод жишээ бол, Крымын хойгийн эрэгт 1988 оны 2 дугаар сарын 12-нд болсон мөргөлдөөн юм. Тухайн үед америкчууд “Йорктаун” крейсер хөлөг онгоц, эскадрын мина тээгч “Карен” хөлөг онгоцоос бүрдсэн шуурхай бүлгийг хойг руу илгээжээ.


Тэнгисийн уг замаар “гэмгүй нэвтрэн өнгөрөх” эрх АНУ-д бий гэж Вашингтон баталж байсан бол орчин үеийн цэргийн 2 хөлөг онгоцны зэвсэглэл нь гэмгүй нэвтрэн өнгөрөх шаардлагад нийцэхгүй гэж ЗХУ үзсэн учраас Америкийн шуурхай бүлгийн эсрэг хоёр хөнгөн хөлөг онгоцоо /фрегат/ илгээж байв. Одоогийн Оросын Тэнгисийн цэргийн хүчин ч гэсэн мөн ийм алхам хийж чадах төдийгүй үүнээс ч илүү шийдмэг арга хэмжээ авна гэдэг нь ямар ч эргэлзээгүй. 

  Зөвлөлтийн "Беззаветный" хөлөг онгоц Америкийн "Йорктаун"-ыг мөргөсөн нь 


Хэрвээ АНУ Арктик бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлж, Баренцын тэнгис дэх эргүүлийн бүлгээ өргөжүүлж, Оросын Хойд тэнгисийн замын дагуу тусгай хүчний анги нэгтгэлүүдээ байрлуулах аваас Орос улс хариу арга хэмжээ авна гэж урьдчилан таамаглаж болно. Тэгэхээр 1988 оны будлиан давтагдаж тун болзошгүй бөгөөд энэ удаад ийм хэрэг явдал Хойд Мөсөн далайд болох магадлалтай. АНУ-ОХУ хоёрын хооронд Хүйтэн дайны үеийнхтэй адил хурцадмал байдал дахин үүсч байгаа өнөө үед цэргийн сөргөлдөөний шинэ голомтууд бүү үүсээсэй билээ.


Арктик дахь хоёр талын өрсөлдөөний шинэ үе шат эхэлжээ. Оросын зүгээс АНУ-д хандан бодлогогүй алхам хийхгүй байхыг анхааруулж байна. Америкчууд Арктикт сүр хүчээ үзүүлж, шинэ хүйтэн дайн дэгдээхээр заналхийллээ ч гэсэн Орос улс байр сууринаасаа ухрахгүй нь.  


Б.Адъяа

Эх сурвалж: https://inosmi.ru/inoblog/20200522/247472731.html

 

 

 

 

Холбоотой мэдээ