Таеквондогийн дэвжээ, иж бүрэн хэрэгсэл хүлээлгэн өгөв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-03 10:20:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Монголын Таеквондогийн холбооноос Дундговь аймаг дахь салбарт энэхүү спортыг хөгжүүлэх, бэлтгэл, сургуулилт хийхэд нь зориулж,  таеквондогийн дэвжээ, иж бүрэн хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Дундговь аймгийн Таеквондогийн холбоо 2013 онд байгуулагдсан, өнөөдрийн байдлаар Сайнцагаан, Хулд, Луус суманд нийт 130 гаруй тамирчид хичээллэдэг. 2019-2020 онд улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, 20 гаруй медаль хүртжээ. 

Тус аймгийн энэхүү амжилтыг Монголын Таеквондогийн холбооноос үнэлж, ийнхүү дэмжиж байгаа гэдгээ МТХ-ны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар онцолсон.

Монголын Таеквондогийн холбооноос аймгуудынхаа салбарыг бэхжүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс таеквондогийн дэвжээ, иж бүрэн  хэрэгслээр хангах ажлыг эхлүүлж, өнгөрсөн жил Увс, Өвөрхангай, энэ жил Дундговь аймаг хамрагдаж байгаа аж.

Дундговь аймгийн Таеквондогийн холбооны багш, дасгалжуулагч Ц.Отгончулуун хэлэхдээ “Таеквондо бол хүүхдэд бие бялдрын болоод ёс суртахууны зөв хүмүүжил олгодог онцлогтой спорт юм, тиймээс энэ спортоор зөвхөн эрэгтэй хүүхдийг гэлтгүй охидуудаа ч гэсэн хичээллүүлэх хэрэгтэй. Манай аймагт энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд маш их нэмэгдэж байгаа” гэлээ. 

Холбоотой мэдээ