Гэсэр сүм, Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-06-03 10:59:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Гэсэр сүмийн уулзвар, Бэтүб хийд орчмыг иж бүрэн ногоон байгууламжтай болгох ажил үргэлжилж байгаа бөгөөд энд 63 ширхэг нарс мод суулгажээ.


Мөн уг газрыг зүлэгжүүлж, тросс хашлага хийсэн байна. Бэтүб хийдийн хойд хэсгийн олон жил болж хуучирч муудсан хашааг буулгаж ногоон байгууламжтай тохилог орчин бүрдүүлж байгаад тус хийдийн лам нар Чингэлтэй ТҮК-ийн хамт олонд талархал илэрхийлсэн байна.



Тус хамт олон нийслэлийн Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн эвдэрч гэмтсэн, шатсан гэрэлтүүлгийг засварлаж, сольсон байна.



Цаашид энэ 3 газрын засвар, арчилгаа үйлчилгээг мэргэжлийн байгууллага болох Соёндрийм ХХК хариуцан ажиллах юм байна.


Ташрамд сонирхуулахад, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршдог Гэсэр сүмийг барих болсон шалтгаан нь Монголд хөхийн шашны номлолыг дэлгэрүүлэх зорилгоос үүдэлтэй. Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920 онд Гэсэр сүмийг бариулжээ. Хятадын хөхийн шашин нь Хятадын тооллын тавдугаар зууны үед Буддын шашныг  дэлгэрүүлсэн нэгэн урсгал шашин юм.


Сүмийг 1933 онд улсын мэдэлд авснаас хойш барилга байгууламжийг нь янз бүрийн байгууллага эзэмшиж анхны төрх байдлыг алдагдуулсан ч Гандантэгчинлэн хийдийн уран барималч, зураач Данзан лам 1966 онд Гуандигийн хятад баримлыг өөрчилжээ.



Данзан лам Гэсэрийн туужаас санаа авч Гэсэрийг морь унасан баатрын байдалтайгаар урлаж, баруун талд нь Цасчихэр, зүүн талд нь Рогмагуа хатны дүрийг цаас, шавар баримлаар хийсэн байна. Хятад хийцийн сүм дуганы төрөлд багтах дурсгалт уран барилгын нэг Гэсэр сүмийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. Өдгөө Гэсэр сүмд Гандантэгчинлэн хийдийн Бадма Ёга Дацан болон тус хийдийн шашны дунд сургууль ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ