Конор Макгрегор зодог тайлж буйгаа гурав дахь удаагаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-06-08 12:52:08

МОСКВА. /TASS/. Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн аварга Конор Макгрегор зодог тайлж буйгаа твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ.


"Бүгдээрээ сайн байцгаана уу, би тулааны урлагаа орхихоор шийдлээ. Гайхалтай дурсамж бүтээлцсэн бүгдэд баярлалаа. Гайхалтай аялал байлаа” гэж өдгөө 31 настай Макгрегор бичсэн байна.


Макгрегор зодог тайлж буйгаа нэг бус удаа мэдэгдэж байгаа бөгөөд анх 2016 онд ийм пиар алхам хийсэн юм. "UFC"-гийн тулаанч Нейт Диастай дахин тулалдах талаар хэлэлцээ хийж байх үед тэрбээр тамирчны замналаа дуусгаж байгаагаа мэдэгдэж байв. Гэвч хоёрхон хоногийн дараа найман өнцөгт дэвжээндээ буцаж иржээ. Харин хамгийн сүүлд 2019 оны гуравдугаар сард зодог тайлснаа мэдэгдсэн бөгөөд үүнээс ес хоногийн дараа их спортод эргэн ирж байгаагаа зарласан юм. Үүний дараа нэг тулаан хийж, эхний тойрогтоо Америкийн тамирчин Дональд Серроныг нокаутаар ялжээ.


Макгрегор бол UFC-ийн хамгийн алдартай тулаанчдын нэг юм. Тэрбээр 26 удаа тулаан хийхдээ  22 удаа /18 удаад нь хүнд цохилтоор/ ялж, 4 удаа ялагдаж байв. Ирландын тамирчин “UFC”-гийн аваргын цолыг анх 2015 онд авч, хожим нь хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын цолыг нэгэн зэрэг хүртсэн тус холбооны түүхэн дэх анхны тамирчин болжээ.

Холбоотой мэдээ