Нэвтийн рашаан сувиллын газарт амрахыг урив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-09 15:25:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут сумын Нэвтийн рашаан сувиллын газраас ахмад настнууд зөвхөн ирэх, очих унааны зардлаа төлөөд үнэгүй амрахыг урилаа. 

Тус сувилалд амрах хүсэлтэй ахмадуудыг зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгэн авч байна. Бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэд 89932212 утсаар холбогдох боломжтой.

Мөн Ховд аймгийн төвд байрлах Aхуй үйлчилгээний байранд хүрэлцэн ирж мэдээлэл авах, бүртгүүлэх боломжтой гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Нэвтийн рашаан, сувиллын газар нь Ховд аймгийн Дуут сумын нутаг, Цагаан бургастайн голын эх хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.  

Тус рашаан сувиллын газар  нь Ховд аймгаас зүүн урагш 63 км, Дуут сумын төвөөс зүүн хойш 15 км зайтай.

Нэвтийн рашаан булаг тус бүр нь төмөрлөгийн эртний герциний үеийн бүдүүн ширхэгт ухаа цайвар боржин, диорит, сэвхэт, нэн их хувирсан хар хөх занар зэрэг чулууны судлаар дамжин оргилох гүнээс гардгаараа өвөрмөц аж. 

Энд одоогоор 10 төрлийн рашаан оргилон гарч байгаа нь өөр өөрийн нэр, зориулалттай. Элэг, цөс, ходоод, нүд, толгойн өвчнийг анагаадаг гэж нутгийн иргэд ярьж, хамгаалсаар иржээ.


Холбоотой мэдээ