Б.Баатархүү: Тусгаарлах байранд ажиллаж байгаад нас барсан цагдаагийн ар гэрт тэтгэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-10 19:54:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амь насаа алдсан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.


-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дэглэм сахиулах тусгаарлах байранд цагдаагийн хэдэн алба хаагч ажиллаж байна вэ?

-Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах 28 байранд өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 157 алба хаагч 24 цагаар дэглэм сахиж байна.


-Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нас барсан тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ талаар бодит мэдээлэл өгнө үү?

-Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч агсан Б.Баянмөнх ажил үүргийн хуваарийн дагуу тавдугаар сарын 27-ны 07.30 цагаас эхлэн “Корпорейт 1” зочид буудлын гадна орчинд хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. Зургаадугаар сарын 1-ний 11.00 цагийн орчимд түүний эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт гарсан тул хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид түргэн тусламж дуудсан. Улмаар 11.30 цагийн үед Яаралтай тусламжийн төвд хүргэгдэж эмнэлгийн анхны тусламж авсан байна. Үүний дараа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байхдаа зүрхний шигдээс гэсэн урьдчилсан оноштой нас барсан харамсалтай явдал болсон.


-Талийгаачийн ар гэрийнхэн С1 телевизэд өгсөн ярилцлагадаа “Цагдаагийн байгууллага уг асуудалд анхаарал хандуулаагүй” гэжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Ийм мэдээлэл гарсан. Уг телевизэд өгсөн ярилцлага нь бүрэн бус иргэдэд ташаа ойлголт төрүүлэхүйц байдлаар гарсанд ар гэрийнхэн нь эмзэглэж байна билээ. Уй гашууг нь хуваалцаж тусалж байгаа цагдаагийн байгууллагын хамт олонд нь талархлаа илэрхийлсэн. ЦЕГ-ын удирдлагаас энэ харамсалтай явдалд онцгой анхаарал хандуулж, төв байгууллага, хамт олноос нь сэтгэл санаа болон эд материалаар дэмжиж,  байнгын холбоотой байгаа. Мөн ЦЕГ-ын даргын шийдвэрээр Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ар гэрт нь тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.


-Нас барсан алба хаагчтай холбоотой асуудлыг хаана шалгаж байгаа вэ?

-Алба хаагчийн амь насаа алдсан хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй. Мөн уг асуудлыг ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс шалгаж байна.

Холбоотой мэдээ