Дали, Пикассо нарыг Монголд халуун дотноор угтан авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГСИБИРЬ./The Siberian Times/. 200 гаруй уран зургийн эх хувь болон керамик урлалын бүтээлүүдийг анх удаа Улаанбаатар хотод дэлгэн үзүүлж байна.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тавдугаар сарыг дуустал Сальвадор Дали, Пабло Пикассо нарын урьд өмнө хэзээ ч дэлгэгдэж байгаагүй хамгийн үнэтэй ховор цуглуулгыг дэлгэн танилцуулж байгаа юм. Уг үзэсгэлэн дэлхийн хэмжээнд Сальвадор Далигийн бүтээлийн цуглуулгаараа Оросын нэртэй бизнесмен, соёл урлагийг ивээн тэтгэгч Александр Шадрины хувийн цуглуулгаас бүрджээ.
Дэлхийн хэмжээний гайхалтай баялаг үзэсгэлэн ийнхүү анх удаа дэлгэгдэж байгаа нь Монголын ард иргэдэд нэрт зураачдын урлагийн гүн санааг судлан танилцах асар том боломж олгож байгаа юм хэмээн тус Музейн зүгээс ярьж байна.
Олон төрөлт уг үзэсгэлэнд “Ямаан толгой”, “Дөрвөн жүжигчин” болон “Пикадор ба бух” зэрэг Пабло Пикассогийн керамикан бүтээлүүдээс гадна Сальвадор Далигийн “Ялгуусан заан”, “Тэнгэрийн элчийн зөн”, “Бүжиглэх цаг I-III” болон “Дөл шиг эмэгтэй” зэрэг уран зураг, уран баримал тавигджээ.
Ноён Шадрин 57 настай, Оросын Уралын бүс нутагт төрсөн. Тэрбээр "энэ үзэсгэлэн Сальвадор Далигийн амьдралын урам зориг, бүтээлүүдийнх нь онгод болсон түүний эхнэр Гала Далигийн дурсгалд зориулан Монголд нээж байгаа юм" гэлээ. Учир нь Гала Дали нь Монгол гаралтай гэгддэг ажээ.
“Өөрийн нүдээр дэлхийд алдартай уран бүтээлчдийн гайхалтай бүтээлийг үзэж сонирхож байгаадаа сэтгэл үнэхээр хөдөлж байна. Орчин үеийн урлагын хүслэн болсон Улаанбаатар хотын оршин суугчдад тус үзэсгэлэн үнэхээр нүнжигтэй сайхан бэлэг болж байна” хэмээн “Найрсаг Улаанбаатар” кампанит ажлын хүрээнд уг үзэсгэлэнг дэмжин ажиллаж буй Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл үг хэлсэн байна.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагын музей нь 1966 онд байгуулагджээ. Тус музей нь Занабазарын бүтээл болох “Сита Тара”, “Таван даяанч Будда” болон “Бодь суварга” зэрэг уран баримлуудаараа алдартай.
Х.Сарнай