"Гутлын улнаас өөр мөргүй аялцгаая" уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-11 16:43:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газрын онгон төрхийг хамгаалах зорилгоор аймгийн БОАЖГ-аас уриалга гаргалаа.

Энэ жил улс оронд төдийгүй дэлхий нийтээрээ онцгой нөхцөл байдал үүсч, гадаадын жуулчид байхгүй байгаа ч Цагаан суваргыг зорих дотоодын жуулчдын тоо нэмэгджээ.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий, говь нутгийн үзэсгэлэнг илтгэх энэхүү суваргыг үзэх жуулчдын тоо нэмэгдэх хэрээр орчны хог хаягдал, бохирдол ихэсч, аялагчид хаа сайгүй машинтай давхиж, дуртай газраа буудаллаж, байгалийн унаган төрхийг алдагдуулах аюул нүүрлэж байгааг БОАЖГ-ын дарга Н.Гантулга онцолж байна.

Өнгөрсөн жил Дундговь аймаг Цагаан суварга орчимд био бие засах газар хийж, мэдээллийн самбар байрлуулан, орох гарах хаалга хийсэн бөгөөд цаашид ч аялагчдыг журамлах, машин техникийг суваргын орой руу гаргахгүй байх, төлбөр хураамж авах зэргээр зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Тус албаны хамт олон өнгөрсөн долоо хоногт Цагаан суварга орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд аялагч, амрагч, зорчигчдод хандан “Гутлын улнаас өөр мөргүй аялцгаая, аялагч таны хог машиндаа багтаад ирсэн бол машиндаа багтаагаад аваад яваарай” хэмээн уриаллаа.

Холбоотой мэдээ