Ураны хайгуулын лиценз бүхий компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-17 15:15:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын удирдлага, иргэдийн зүгээс гаргасан санал, хүсэлтийн дагуу ураны хайгуулын лиценз бүхий компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Тодруулбал, дээрх дөрвөн сумын удирдлага болон иргэд 2020 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн С.Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж тус сумдын нутаг дэвсгэрт ураны хайгуулын лиценз бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгах хүсэлт гаргасан аж.

Нутгийн иргэдийн гаргасан тус хүсэлт, санал гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон мэргэжлийн байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчдаас бүрдсэн хяналт шалгалтын баг дээрх дөрвөн сумын нутагт ураны ашиглалтын гурван лиценз эзэмшиж буй “Гурвансайхан” ХХК-д ажиллажээ.  

“Гурвансайхан” ХХК нь тус аймгийн Өлзийт, Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан суманд нийт 17825,9 га талбайг хамарсан уран ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ажээ.

Хяналт, шалгалтын явцад байцаагчид “Гурвансайхан” ХХК-ийг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь түр зогсоож, зөрчил дутагдал арилгах албан шаардлага хүргүүлсэн байна.

Энэхүү албан шаардлагын дагуу ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Гурвансайхан” ХХК зөрчил дутагдлаа арилгах, байгаль орчны менежмент, аюулгүй ажиллагааны талаар нутгийн иргэд, оршин суугчид, орон нутгийн засаг захиргаанд танилцуулахыг үүрэг болгожээ.  

Холбоотой мэдээ