Эрдэнэсант суманд шинэ цэцэрлэгийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-18 17:18:17

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэсант суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавьж, ажлыг эхлүүллээ.

Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Мөнхзориг, төлөөлөгч Ц.Буманбуян, ОНӨГ-ын дарга Д.Батжаргал, БСУГ-ын дарга У.Даваажав болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, барилгын компанийн хамт олон оролцлоо.

Эрдэнэсант сумын “Бөмбөөлэй” цэцэрлэгийн 6 бүлэгт 200 хүүхэд, багачууд суралцдаг бөгөөд нийт 6 багш, 20 ажилтантай сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд, багачууд амьдардаг ч цэцэрлэгийн орны хүрэлцээнээс хамаарч бүгд хамрагдах боломжгүй байдаг аж. Тиймээс шинэ цэцэрлэг ашиглалтад орвол 75 хувьтай байсан хамран сургалт 95 хувьтай болно гэдгийг онцоллоо.

Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Төв аймгийн “Төв цогт Өлзийт” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

  

Холбоотой мэдээ