Монголын тусламжийг АНУ-д хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-д хандивлаж буй 1 сая ам.долларын үнэ бүхий 60 мянган ширхэг хамгаалалтын хувцас хэрэгслийг АНУ-д энэ сарын 21-нд хүлээлгэн өгснийг ГХЯ-наас мэдээлэв. Тусламжийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр тус улсын Онцгой байдлын Холбооны алба (FEMA)-ны Бүс нутгийн 10 дугаар төвийн дарга М.О Хэйрд хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Засгийн газар, ард түмэн Монгол Улсад хүнд, хэцүү үе тохиоход тууштай дэмжиж ирснийг онцоллоо. Харин энэ удаад АНУ-ын Засгийн газар, ард түмэнд коронавирусний халдвартай тэмцэхэд нь дэм болох үүднээс Монголын ард түмэн, Засгийн газраас тусламж илгээснийг тэмдэглээд, цар тахлыг даван туулж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.
Эдгээр өмсгөлийг АНУ-ын Холбооны Онцгой байдлын албанаас Аризона, Невада зэрэг муж руу хүргүүлэхээр хуваарилаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар 2019 онд хамтран зарласан Стратегийн түншлэлийн тухай тунхаглалд талууд эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэх, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхээр тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар 2018 онд хамтран зарласан Монгол, Америкийн Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалд талууд тээврийн салбарын нээлттэй зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахаар тус тохиролцсон. Боинг компанид үйлдвэрлэгдсэн Б-767 “Чингис Хаан” агаарын хөлөг Монгол Улс-АНУ чиглэлд үйлдсэн анхны шууд нислэгээрээ тусламж хүргэснээс гадна тус улсад амьдарч буй монгол иргэдээ эх оронд нь авч ирж байна. Мөн үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол руу тээвэрлэж байгаа нь хоёр орны агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн алхам болж байна.