Төрийн албаны өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-23 10:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн Төрийн албаны өдрийг НҮБ-аас "COVID-19"-ийн халдварын цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулжээ.

Тиймээс энэ өдөр “Тэргүүн эгнээнд "COVID-19"-ийн халдварын цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал цахим үйл ажиллагааг 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 21.00-23.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд  зохион байгуулах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн энэ өдрийг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэжээ. НҮБ гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж байхыг уриалдаг юм. Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь:

  • Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, 
  • Улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршдог байна. 


Монгол Улсын Төрийн албаны зөвлөл НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирэв. Монгол Улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл юм. 


Холбоотой мэдээ