Саудын Аравид энэ онд 92 хүнийг цаазаар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРИЯД. /khaleejtimes/. Саудын Арави улсад өнгөрсөн онд наад зах нь 158 хүнийг цаазаар авснаар хамгийн олон хүнийг цаазаар авсан орнуудын дотор гуравдугаарт орох болсон тухай “Amnesty International” байгууллага мэдэгдэв.
Тус улсад өчигдөр хүн амины хэрэг үйлдсэн нэгэн этгээдийг цаазалжээ. Ингэснээр энэ онд 92 хүнийг цаазаар авсан байна.
Мохсен аль-Досари гэгч цаазлуулсан иргэн нэгэн залуутай маргалдаж, түүнийг хутгалан хөнөөсөн гэж Саудын Аравийн Дотоод хэргийн яам мэдэгджээ. Тус улсад цаазын ялыг гүйцэтгэхдээ ихэнх тохиолдолд сэлмээр толгойг нь цавчдаг байна.
Үүнээс гадна Саудын Аравид цаазын ял авсан хүмүүсийн ихэнх нь хүн амины болон хар тамхи наймаалах хэрэг үйлдсэн хүмүүс байдаг. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын ганцхан өдөрт 47 хүнийг “терроризм”-ийн гэмт хэрэг үйлдсэний учир цаазалж байжээ.
Өнгөрсөн онд Иран улсад наад зах нь 977 хүнийг цаазаар авсан бол Пакистанд 326 хүнийг цаазалснаар хамгийн олон хүнийг цаазаар авсан орнуудын жагсаалтад эхний хоёрт бичигдэх болсон байна.
Д.Нямтулга