Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг манай улс 12 дахь жилдээ тэмдэглэж байна.
НҮБ-ын Ерөнхий асемблейн 1987 оны
12 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 26-нд “Мансууруулах
бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр тогтож, 1989 оноос тэмдэглэж эхэлсэн.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр НҮБ-ын Хар тамхитай тэмцэх байгууллагаас уриалга гаргадаг. Энэ жил Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг "Better Knowledge for Better Care" буюу "Илүү их анхаарал, халамж тавихын тулд мэдлэг, мэдээллээ улам сайжруулъя” сэдвийн дор зохион байгуулахаар зарлажээ.
Монгол Улс мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж
байгаа талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан
сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа
Г.Даваанямаас цагдаагийн ахмад Б.Төгсжаргалын авсан тодруулгыг хүргэж байна.
-Энэ өдөр иргэд, олон
нийтэд чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
-ЦЕГ-ын Хар тамхитай
тэмцэх газраас жил бүр “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон
улсын өдөр”-ийн хүрээнд төрийн болон ТББ-уудтай хамтран иргэдэд мансууруулах
эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, энэ төрлийн гэмт хэрэгтэй
тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг
чадавхжуулах чиглэлээр зохион
байгуулдаг. Энэ жилийн тухайд “Ковид-19” цар тахалтай холбогдуулан байгууллагын
цахим сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг таниулах, энэ төрлийн
бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж
байна.
-Энэ гэмт хэргээс
урьдчилан сэргийлж буй ажлын талаар танилцуулна уу?
-Уг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг ил болон далд хэлбэрээр
сурталчилсан агуулгатай дуу, кино, жүжиг зэрэг уран бүтээлүүдийг олон нийтийн
сүлжээнээс хасах, техникийн хязгаарлалт хийлгэх, тухайн уран бүтээлчдээс дахин
мансууруулах бодисыг далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээл туурвихгүй байх
талаар зөвлөгөө өгөх, баталгаа авч,
судалгаанд хамруулан ажиллаж байна. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодистой холбоотой гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаа насанд хүрээгүй
сэжигтэн, яллагдагч нарт чиглэсэн хууль эрх зүй, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
үзүүлэх нэг бүрчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. 2019 онд
20, 2020 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 7
хүүхэд, тэдний эцэг, эх, гэр бүлийн гишүүдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн тусламж
үйлчилгээ үзүүлж байна.
-Цаашид ямар төрлийн
арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө байна вэ?
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо чухал ач холбогдолтой. Тиймээс ХТТГ-аас энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд өртөх эрсдэл бүхий насанд хүрээгүй хүн, хүүхэд залуучуудад чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх “Хасах 25” төслийг хэрэгжүүлж байна.
Энэ төсөл нь 25 хүртэл насны хүүхэд, залуучуудын дунд мансууруулах бодисын ойлголт хандлага, хэрэглээний тархалтыг судлах, судалгаанд суурилсан үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өсвөр үе, залуучуудыг нийгмийн бүхий л харилцааны үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, аливаа үйл ажиллагааг шинжлэх ухаан, судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дэмжлэг, оролцоотой бодлого, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна.
Тухайлбал, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт,
үйлдвэрлэлийн төв, сургууль завсардсан 25 хүртэлх насны хүүхэд, залуучуудын
дунд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршиг, үр дагаврын
тухай ойлголт, мэдлэг, хандлага, хэрэглэгчийн тархалтын талаарх тандалт
судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн БСШУСЯ-тай хамтран
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарт эрүүл мэндийн хичээлээр
дамжуулан олгох мансууруулах бодисын хор аюул, үр дагаврын талаарх мэдээллийг
өгөхдөө анхаарах асуудлыг тусгасан багш, нийгмийн ажилтан нарт зориулсан цахим
гарын авлагыг бэлтгээд байгаа юм байна.