"COVID-19"-ийг гэртээ оношлох нь халдварыг хяналтад авахад тусалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-06-26 14:19:06

ВАШИНГТОН. /CNN/. Аливаа халдварыг гэртээ оношлох боломжийг бүрдүүлснээр “COVID-19”-ийг илрүүлж, хяналтад авах, ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлуудад бэлтгэлтэй байхад тусалж магадгүй гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн шинэ тайланд тэмдэглэжээ.


"Дархлалын олдмол хомсдол үүсгэдэг хүний дархлал хомсдолын вирусний гэрийн оношлуур нь томуу төдийгүй коронавирусний ийм оношлуурыг гаргах боломжтой болохыг харуулж байна. Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед уг технологийг ашиглавал ихээхэн ач холбогдолтой. Гэртээ оношилсноор оношлуур дутагдалтай байгаа асуудлыг шийдвэрлэхээс гадна хүмүүс шинжилгээ өгөхөөр очихдоо халдвар авах вий хэмээн санаа зовних шаардлагагүй болох юм" гэж дээрх баримт бичигт дурдсан байна.


“Ийм оношлуурыг аль болох ойрын хугацаанд бүтээж, дэлхий дахинд түгээвэл халдварын тархалтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Мөн бусад халдварыг гэртээ оношлох боломжийг бүрдүүлж чадвал тархалт, цар хүрээний талаарх мэдээллийг сайжруулах боломжтой” гэж уг тайланд тэмдэглэжээ. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар болон бусад агентлаг ийм оношлуурыг бүтээх, санхүүжүүлэхийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн судлаачдын баг үзжээ. 

Холбоотой мэдээ