МАН хяналтын тооллого хийхийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-06-27 17:46:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас өнөөдөр СЕХ-нд албан тоотоор санал хүргүүлэв. 

Уг албан тоотод, "Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 24-ний өдөр хуулийн дагуу зохион байгуулагдсан. Санал авах ажиллагаа дууссаны дараа Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос бүх хэсгийн 40.9 хувьд нь хяналтын тооллого хийхэд ямар нэг зөрчил илрээгүйг тэмдэглэх нь зүйтэй" гээд, СЕХ-ноос гаргаж мэдээлсэн сонгуулийн дүн болон сонгуулийн бусад хороодын санал хураалтын дүнд зарим нам, эвсэл, бие даагч нар эргэлзэж, санал хураалтыг гараар тоолж баталгаажуулах хүсэлт гаргажээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-ны өдрийн Е/07 дугаар албан бичгээр УИХ-ын сонгуулийн нийт 29 тойрог тус бүрийн саналын хуудсыг хуульд нийцүүлэн гараар тоолж, хяналтын тооллогыг яаралтай зохион байгуулах талаар СЕХ-нд хандсан байна. 

МАН Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14, 71.15, 71.17-18 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу сум, дүүргийн сонгуулийн хорооны бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт (сугалах)-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлэхийг дэмжиж байна" гэжээ. 


Холбоотой мэдээ