ХАРХОРУМ МУЗЕЙН ОНЦЛОХ ҮЗМЭРҮҮД

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-07-01 18:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Монголчууд эртний томоохон соёл иргэншлийг бий болгож чадсан ч гэлээ өөрсдийнх нь туурвисан түүхийн талаарх мэдээ баримт хадгалагдан үлдсэн нь туйлийн хомс. Ихэвчлэн гадны жуулчдын тэмдэглэл, хөрш орны түүхэн он дарааллын бичиг зэрэг нь судалгааны чухал баримт болж үлдсэн нь бий. Энэ нь монголчууд нүүдлийн аж ахуйн соёлтой, нэг газар удаан оршин суудаггүй байсантай холбоотой. Тиймдээ ч бидний өвөг дээдсийн бүтээсэн бичгийн дурсгалт зүйлс хад чулуунд сийлсэн нь цагийн уртыг тэсч өнөөдрийн зуунтай золгожээ. Мөнхүү томоохон хотын туурь, археологийн малтлагаар илэрсэн маттериаллаг олдворууд нь монголын эртний түүх, соёл иргэншлийн биет гэрч болон үлджээ.


Биет өв соёлын хамгийн чухалд тооцогдох олдворуудын нэг бол Дунд зууны үеийн дэлхийн хамгийн том хот хэмээгдэж байсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь юм. Өнөөгийн Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хархорин сум буюу Орхоны хөндийд эртний нийслэл Хархорум хотын үлдэгдэл буйг олон орны үе үеийн эрдэмтэн судлаачдын хийсэн археологийн судалгаа, малтлагаар илэрсэн олдворуудын жишээн дээр үндэслэн хөдөлбөргүй нотолж өгсөн юм.


Ийнхүү Хархорин суманд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон эртний нийслэл Хархорум хоттой холбоотой түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах, сурталчлан таниулах үүрэг бүхий “Хархорум музей”-г 2010 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан байна.  




Анх байгуулагдсан даруйд музейн үндсэн чиглэлд нийцүүлж гаргасан жагсаалтын дагуу ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс 99 ширхэг эд өлгийн зүйлийг хүлээн авч байршуулснаар музейн үзмэр цуглуулгын ажил эхэлжээ. Харин өдгөө бол “Хархорум музей”-н сан хөмрөгт нийт 3128 ширхэг эд өлгийн зүйл бүртгэгдээд байгаагаас 80 гаруй хувийг нь археологийн олдвор эзэлдэг. Эдгээрийн 63 ширхэг нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтанд бүртгэгджээ. Хархорум музей нь байнгын ба түр үзэсгэлэнгийн танхим, гадна үзэсгэлэнгийн талбайтай.   

“Хархорум музей” нь монголын эртний нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Япон улсын Ойта мужийн Үса хотын түүхийн музейтэй хамтран “Хархорум 800” тусгай үзэсгэлэнг Япон улсад гаргажээ. Тус үзэсгэлэнд Хархорум хот болон XIII-XIV зууны үед холбогдох хааны Гэрэгэ (дипломат паспорт), араб бичигтэй монголын хаадын зоос, хатдын богтаг малгайн алтан цог чимэглэл, бүсний болор зэрэг археологийн олдвор зэргийг дэлгэн үзүүлсэн нь зочид төлөөлөгчид жуулчдын анхаарлыг ихэд татсан байна. 


Мөнхүү Хархорум хотын 800 жилийн ойд зориулж "Бага хаадын танхим" шинээр байгуулсан бөгөөд үүнд Хархорум хотын туурь, түүхэн цаг үед хамаарагдах олдворуудыг байрлуулжээ. Цухас дурдвал хаадын тамганы дүрстэй чулуун тоосго, буддын их сүмийн барилгын чимэглэлүүд, цац, Гүюг хааны захидал, домгийн амьтан, фаороны баг зэрэг бий. 


Түүхийн давтагдашгүй үзмэртэй эл музей нь Хархорумын туурьт хийж буй археологийн малтлагаас шинээр олдсон эд өлгийн зүйлсээр үзмэрүүдээ шинэчлэж, тоог нь нэмсээр байдаг. Үзмэрийн танхим, музейн захиргаа, судалгааны өрөөтэйгөөс гадна орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан лабораторитой юм. Дэргэдээ  лабораторитой  музей монголд өөр үгүй билээ. Хархорум хотын туурийг үзэж болох өндөрлөг дэнж дээр музейг барилгын барьж байгуулжээ. Музейн үүдэнд Хархорумын түүхтэй холбогдох хосгүй үнэт биет өвийн нэг болох Хархорины нэгдүгээр монгол бичээст хөшөөг залж тавьсан байдаг. 


Өдгөө музейд Монголын анхны төрт улс Хүннү гүрний үеэс эхлэн Түрэг, Уйгур, Кидан, Нирун, Монголын эзэнт гүрэн зэрэг улсын түүх соёлд хамаарагдах эд өлгийн зүйлс бий. Мөн Хархорум музейн сан хөмрөгт хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XIII-XIV зууны үе хүртэлх түүхийн урт удаан хугацаанд холбогдох сонирхолтой олдворууд хадгалагдаж байдаг. Эдгээр дотроос Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын үед хамаарах хамгийн чухал үзмэрүүдийг онцлон хүргэж байна.


ГҮЮГ ХААНЫ ЗАХИДАЛ




1245 онд Монголд зочилсон Плано Карпинигийн тэмдэглэлд Орос улсын дархан Козьма нь Монголын их хаан Гүюгт тамга урлаж өгсөн тухай дурдсан байдаг. Уг тамганы дардас 1246 онд Гүюг хаанаас Ромын пап лам Инносентэд илгээсэн захидал дээр бий. Тамган дээр “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын Далай ханы зарлиг ил (дотоод), булха (гадаад) иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай” хэмээн бичжээ. Уг захидал нь Ватиканы музейд хадгалагдаж буй. Уг эхээс нь албан ёсоор хуулбар хийж Хархорум музейд үзмэр болгон хүлээлгэж өгсөн байна. 




Ромын төрийн элч Плано Карпини 1246 оны намар их хаан Гүюгт бараалхаж пап лам Инносентийн албан бичгийг өргөн барьжээ. Уг захианд Гүюг хааныг Христийн шашинд дагаар орохыг ятгасан утгатай үгс байв. Харин Монголын талаас хариу бичгээ 1246 оны 11 дүгээр сарын эхээр төлөвлөн бичиж перс, латин хэлээр хөрвүүлж, хоёр хувь үйлджээ. Захидлыг 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичсэн байна. Гүюг хаан тухайн үеийн барууны ертөнцийн эзэн гэгдэж байсан пап лам Инносентэд хүргүүлсэн захидалдаа  “Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой” хэмээн дурдаж сүр хүчээ үзүүлжээ.


Захидлын дунд болон баруун доод буланд их хааны тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Энэ нь Монголын эзэнт гүрний хасбуу тамганы бүрэн хэвээрээ хадгалагдаж үлдсэн цор ганц дардас юм.


ХАРХОРУМЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ




Тогоонтөмөр хааны үед буюу 1347 онд нэгэн гэрэлт хөшөө босгож Хархорум хотын туурь дээр байх том чулуун яст мэлхийн нуруунд суурилуулсан байжээ. Үүнийг "Хархорины нэгдүгээр монгол бичээст хөшөө" гэнэ. Нэгдүгээр монгол бичээст хөшөө нь нэг талдаа босоо монгол, нөгөө талдаа нангиад бичээстэй. Гэвч нэг л адилхан зүйлийг хоёр өөр хэлээр бичсэн гэдгийг судлаачид тогтоосон байна. Хөшөө нь 1380 онд Мин улсын цэрэг Хархорум хотыг дайрч, эвдлэн сүйтгэх үед хэмхэрч бутарсан гэж үздэг. Үүний хагарсан хэсгийг хожим нь Эрдэнэ зуу хийдийн хэрмэн хашаан дотор зөөж оруулсан байна. 


Хөшөөний бичээст Чингис хаан Орхоны хөндийд улсын нийслэл байгуулахаар товлосон, Өгэдэй хааны үед хааны их харш Түмэн амгалант ордныг барьж байгуулсан, 1256 онд Мөнх хааны зарлигаар бурхан шашны таван давхар сүм бариулсан, тус сүм нь улсын хэмжээнд нэн эрхэм шүтээн байсан ба түүнийг цаашид Монголын хаад онцгой анхаарч хуучран муудах бүрийд нь тусгайлан хүн томилж сэлбэн засуулдаг байсан буюу 1346 оны сүүлчээр Тогоонтөмөр хааны зарлигаар уг сүмд “Юань улсыг мандуулах асар” хэмээх нэр хайрлаж хөшөө босгуулсан зэрэг түүхэн үйл явдлуудыг тэмдэглэжээ.




Тус хөшөөний гэрэл хөшөө нь олдосноор Эрдэнэ зуугийн дэргэдэх ор туурь нь Монголын эзэнт гүрний нийслэл болохыг дахин нотолсон юм. Басхүү 1220 онд Чингис хаан Хархорумыг улсын нийслэл болгосон хэмээх “Юань улсын судар”-ын мэдээг баталж өгчээ.


ДӨРВӨЛЖИН ҮСЭГТЭЙ ТАМГА




1371 онд Билэгт хаан цолтойгоор их ширээнд суусан Аюуширидара хааны Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэлийн дөрвөлжин үсэгтэй тамга Хархорум музейн чухал олдворуудын нэг юм. Тус тамгыг цутгасан хийц байдал, хэмжээ зэрэг нь Юань гүрний үед холбогдох тамгануудтай ижил төстэй боловч бичээсийн хувьд урьд өмнө олдож байснаас нэн онцлогтой. Тамганы орой дээрх хятад бичээст тухайн үеийн ёс уламжлалын дагуу хэзээ, хаана хийснийг өгүүлжээ. Тайлж уншихад “Сюаньгуаны 2р оны 3 сар” гэсэн үг байгаагаас үзэхэд уг тамгыг 1372 оны орчим үйлдсэн, Юань гүрний сүүлчийн хааныг залгамжлагч Аюуширидара буюу Билэгт хааны үед холбогдох гарцаагүй гэж судлаачид үздэг.


Хүрлээр цутгаж хийсэн дөрвөлжин ултай, орой руугаа шувтан хэлбэрийн гонзгой бариултай тус тамганы хүндийн жин нь 730 грамм. Тамганы уланд 0.5 см өргөнтэй тэг дөрвөлжин хүрээн дотор 4,8 х 4,8 талбайд эвхмэл тигээр зэрэгцүүлэн ховил гаргаж бичсэн гурван мөр дөрвөлжин үсгийн бичээс буй.


Энэхүү тамга нь Монгол, Германы экспедицийн хамтарсан судалгааны багийн 2001 онд Хархорум хотын туурьд хийсэн малтлагаар илэрчээ.


ДОМГИЙН АМЬТАН




2003 онд Монгол, Германы экспедицийн хамтарсан судалгааны баг нарийн ширхэгтэй цагаан шавраар урлаж, цэнхэр туяа бүхий тунгалаг паалан гүйлгэсэн нарийн хийцийн шаазан эдлэл олжээ. Уг бүтээлийг анх шавар арслан хэмээн дүгнэсэн боловч биш байв. Тиймдээ ч нэгэн зүйл домгийн амьтан гэж үзжээ.


Уг домгийн амьтны баримал нь Сүн эсвэл Юань гүрний үед холбогдоно. Домгийн амьтанг тавцан дээр суугаад туузаар ороосон бөмгөгийг баруун савраараа дарсан байдлаар дүрсэлжээ. Мөнхүү толгойгоо өргөж, баруун мөрөө давуулан харсан хэлбэртэй. Хүзүүнд нь тасмаар ороосон хонх зүүлттэй ба туузны үзүүрийг шилэн хүзүүн дээр нь томоор гогцоолдон зангидсан байна.


ХААДЫН ЗООС




Монголчуудын байлдан дагуулалтын үр дүнд Ази, Европын орныг дамнан тогтсон эзэнт гүрэн байгуулагдсан нь дэлхийн чөлөөт худалдааны бүс бий болоход томоохон нөлөө үзүүлсэн юм. Чингис хаан Хорезмыг эзлэн авч эртний зоос үйлдвэрлэх уламжлалтай орнуудад эрхшээлээ тогтоосон нь Их хаадын нэр бүхий зоосон мөнгө гаргахад чухал түлхэц болжээ.


2000-2005 оны судалгаагаар Хархорум хотын төв орчмын багахан талбайгаас 300 гаруй зоосон мөнгө олджээ. Эдгээр зооснууд нь өдгөө Хархорум музейн “Их танхим”-д хадгалагдаж буй. Тус зоосны ихэнх нь хятад үсэгтэй, цөөвтөр нь монгол дөрвөлжин үсэгтэй ба 9 ширхэг араб үсэгтэй мөнгөн зоос гарчээ. Төв болон Дундад Азийн мөнгөн зооснууд, Хятадын алслагдсан хязгаар болон Энэтхэгээс Монгол хаадын зоос, Алтан ордны улсад цутгаж хийсэн мөнгөн зоос зэрэг нь Хархорумын ойролцоох Маамуу толгой хэмээх газраас олдсон нь тив дамнасан худалдааны өргөн цар хүрээтэй байсныг нотлон харуулдаг.


 


Үүн дотроос 1237-1238 оны үед Хархорумд цутгасан араб үсэгтэй мөнгөн зоос хамгийн ховор, үнэт үзмэрт тооцогддог. Тус зоосон дээр Хархорум хотын нэрийг тэмдэглэсэн нь анхны бичмэл баримт болдог. Зоосны нүүрэн талд арабаар “Аллах” гэсэн үгийг цутгасан бол өмнө талд нь Өгэдэй хааны овгийн гэрэгэ тамга бий. Гол дунд нь “Al Imam Al Azam” хэмээх араб үг байдаг нь “Аугаа их эзэн” гэсэн утгыг илтгэжээ. Энэхүү үгсийн баруун талд нь чадмань тамганы дүрс бий.


ГАЛБИНГА ШУВУУНЫ БАРИМАЛ




Хархорум хотод хийгдсэн төдийгүй харь улсаас худалдаа арилжааны замаар дамжин орж ирсэн байх магадлалтай олон сонирхолтой шаазан эдлэл, шавар баримлууд, хүрэл толь зэрэг олдсон нь музейн сан хөмрөгт чухал байр суурь эзэлдэг. Үүний дотор египетийн фараоны нүүрний дүрс, домгийн амьтад, галбинга шувууны шавар баримал хүртэл бий.


2005 онд Хархорумын ойролцоох Хөндлөн булаг гэдэг газраас 20 орчим шавар эдлэлийн хагархай, хэлтэрхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Н.Одхүү, түүний хүү О.Ангарагсүрэн нар олсон байна. Үүнээс хамгийн онцлууштай нь хүн цээжтэй, шувуун бөгстэй домгийн амьтны шавар баримлын хугархай, түүний өд сөд бүхий гуя, далавч, сүүлний хэсэг, савруу, ёроол суурийн хагархай, үсний орой, хуниас бүхий хувцасны хэсэг зэрэг нь олджээ.


 


Энэхүү галбинга шувууны шавар баримлыг археологич, профессор Д.Цэвээндорж “Уг барималтай төстэй зүйл урьд өмнө Монгол орноос олдож байгаагүй, шинж төрхөөрөө дундад эртний Европын “Ангел” хэмээн нэрлэгддэг жигүүрт тэнгэрийн дүртэй төстэй боловч бас өөрийн өвөрмөц шинжтэй болохыг тэмдэглээд, Европ, Азийн дүрслэх урлагийн шинжийг агуулсан, өрнө дорнын соёлын харилцаа хэлхээг тусгасан өвөрмөц бүтээл” гэж тодорхойлжээ. Мөнхүү Хархорум хотод Мөнх хааны ордны үүдэнд Францын дархан Бушийн урласан мөнгөн модны орой дээрх бишгүүр үлээсэн охин тэнгэр нь галбингын шавар барималтай адил дүртэй байсныг үгүйсгэхгүй хэмээн үзсэн байдаг. Тиймээс ч мөнгөн модны оройд заларч байсан “жигүүрт тэнгэр”-ийн дүр төрх ямар байсныг тогтооход эрдэм шинжилгээний чухал баримт болох олдвор юм.


СОЁМБОТОЙ ГЭРЭЛТ ХӨШӨӨ




Соёмботой гэрэлт хөшөө нь Хархорум хотын шашны бүлгүүдийн амьдрал, ялангуяа лалын шашны сүм хийдийн түүхийг судлах үнэт дурсгал болно. Уг хөшөөнд перс хэлээр Хархорумд байгуулсан лалын шашны нэгэн сүмийн тухай өгүүлсэн нь бий. Хөшөөг 1892 онд академич В.В.Радловын удирдсан “Орхоны шинжилгээний анги” шинжлэх ухааны эргэлтэд оруулж, “Монголын эртний дурсгалын атлас”-таа хэвлэж байв. Хархорумын перс бичээстэй хөшөө ч гэж нэрлэгддэг энэхүү бичгийн дурсгалын биет өв нь Эрдэнэ зуу хийдийн хэрмийн дотор хадгалагдаж байсан байна. Уг нь хөшөө нь дугуйрсан оройтой, тэгш дөрвөлжин хэлбэртэй бөгөөд араб үсэг, перс хэлээр таталган бичсэн 39 мөр бичээстэй юм.


Хөшөөг XVI зууны эхэн хагаст буюу Юань гүрний үед Хархорумд сууж байсан лалын шашинт иргэд босгосон гэж үздэг. Хожим нь Эрдэнэ зуугийн лам нар уг хөшөөний бичээсэн дээр соёмбо үсэг сийлсэн байна. Тиймээс ч зарим үсэг нь арилж, балраад уншигдах аргагүй болжээ. Мөн хөшөөний ард талд уйгаржин монгол бичгээр “Ум ма ни бад ми хум” хэмээх маанийн зургаан үсэг сийлсэн байна.


Монголын анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазарын 1686 онд зохиосон соёмбо үсгийг хөшөө чулуун дээр сийлэн үлдээсэн дурсгал цорын ганц байдаг нь уг гэрэлт хөшөө юм. Тийм учраас хоёр үеийн түүхэнд холбогдох хосгүй дурсгалт өв хэмээн үзэж Засгийн газрын 2013 оны 6 сарын 26-ны өдрийн 227 дугаар тогтоолоор “Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д бүртгэжээ.

 БОГТАГ МАЛГАЙТАЙ ЭМЭГТЭЙН ХӨШӨӨ




Монголын эзэнт гүрний үед хамаарагдах өөр нэг чухал хөшөө Хархорум музейд бий. Хөшөөний төрх байдлаас үзэхэд эртний хатдын өмсдөг байсан богтаг малгайтай, эмэгтэй хүн болох нь харагдана. Судлаачид уг чулуун хөшөөг эртний хатдыг дүрсэлсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Тус хөшөө нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Хөшөөн дэнж хэмээх газраас олджээ. Нийт хүн чулууны урлагийн бүтээл дотор нэн ховор тохиолддог эмэгтэй хүний дүрстэй чулуу болохын хувьд нэн онцлогтой. Хархорум хотын ойр буй тус хөшөө нь монгол эмэгтэйчүүдийн хувцас өмсгөлийн салшгүй нэг хэсэг болох “богтаг” малгайг чулуунд дүрсэлсэн цөөн дурсгалын нэг болохын хувьд түүхэн ач холбогдлын хувь туйлын үнэ цэнтэй биет өв юм.


АМИТАБА




Эртний нийслэл Хархорумын Бурхан шашны их сүмийн малтлагаар олон арван цац, шавар бурхан, барилгын чимэглэл, тахилын жижиг цөгц зэрэг илэрсний дотор Амитаба бурханы шавар баримал бий. Энэхүү шавар бурхан нь цацны бөөгнөрлийн орчмоос олджээ. Тус газраас язгуурын таван бурханы баримал илэрсэн бөгөөд Амитаба нь хот мандлын баруун зүгийг эрхшээнэ. Бясалгал нь үйлдэж буй дүрстэй энэхүү бурханы бэлгэдэл нь шуналын сэтгэлийг арилгаж, бусдын төлөө гэх оюун ухааныг өгдөг гэлцэнэ.


Амитаба бурханыг сүүлд 17 дугаар зууны хоёрдугаар хагаст Өндөр гэгээн Занабазар бүтээсэн байдаг. Хүрлээр хөндий цутгаж, алтаар шарж хийсэн Амитаба бурханы баримал нь хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад 1995 онд бүртгэгдсэн байдаг. Харин Хархорум музейд буй шавраар бүтээсэн энэхүү бурхны дүрс бүхий баримал нь эртний монголын нийслэлд олон шашны нөлөө байсныг илтгэн харуулах, буддын шашны их сүмийн судалгаанд чухалд тооцогдох нарийн хийцтэй бүтээл юм. 

ШИРМЭН ХООВОН 



Төмрөөр цутгаж хийсэн гурван хөлтэй хоовон. Тулгатай адилхан зориулалтаар буюу нүүрс тавьж ноцоон гэр дулаацуулах буюу сангийн бойпорын зорилгоор хэрэглэж байсан байна. Хоовонг гурван хэсэг хэвэнд цутгаж нийлүүлэн гагнаж хийжээ. Хана нь эгц бөгөөд дээр нь хас, загалмай хээ салаалуулан нэвт цохисон байдаг.


Энэхүү хоовонг Монгол Германы хамтарсан экспедици 2005 онд хийсэн малтлагаар Хархорумын гол гудамжнаас зүүн тийш байсан байшингийн газрын хөрсөнд үлдсэн хамгийн дээд талын давхаргаас олжээ. 


ШҮНШИГ




Хархорум хотын туурь, Буддын их сүмд 2014 онд хийсэн малтлагаар сүмийн довжоо, суурин дороос XIII дугаар зууны үед холбогдох их хаадын аравнайлж хийсэн 4 шүншигийг илрүүлжээ. Энэ нь археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн том нээлж болсон юм. Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой есөн эрдэнэ байсан байна. Мөнхүү Монголын эзэнт гүрний их хаадын 2 ширхэг алтан зоос, 3 ширхэг мөнгөн зоос, шүр, сувд, оюу тэргүүтэн шүншиг дотроос илэрчээ. Алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо дэлдүүлсэн зоос байсан бол мөнгөн зоос нь Мөнх хааны үед Хархорум хотод хийсэн болох тогтоогдсон юм.


Эдгээр олдворын байршлыг нэгтгэн цогц байдлаар харвал анхнаасаа суурийн төв ба дөрвөн талд нь зориудаар хийсэн бэлгэдэл, зан үйлийн шинжтэй зүйл болох нь илэрхий байжээ. Шүншигийг байрлуулахдаа 60-80 см өргөнтэй 110-120 см гүн нүх ухаж, нүхнийхээ дотор нь чулуу болон тоосгоор ижилхэн хэлбэртэй өрлөг үйлдэж амыг нь тусгай тагаар таглан, босгож тавьсан байна. 




МАХРАНЗЫН ТОЛГОЙ


Буддын шашны их сүмийн үлдэцээс олон зуун мянган цац, шавар бурхадын толгой, биеийн хэсгүүд зэрэг ихээр олдсон билээ. Тэдгээрийн дотроос Махранз бурханы толгойг онцолж болно. Махранз гэдэг нь  "Махаража" хэмээх санскрит үг бөгөөд монголоор "Их хаан" гэсэн утгатай. Махранз бурхан нь догшин дүртэй ба буддын шашны ертөнцийн дөрвөн зүгийг сахин хамгаалагч гэж үздэг учир ихэвчлэн сүм дуганын үүдэнд залдаг юм. Махранзын толгойг зөөлөн шавраар урласан бөгөөд ногоон өнгөөр буджээ. Олдворын хамар, хацарны зарим тал, толгойн хэсгээр халцарснаас бусдаар толгой нь бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн нь олзуурхууштай юм. 




ХҮРЭЛ ТОЛЬ




Монгол-Германы хамтарсан судалгааны баг 2001 онд Хархорум хотын туурь хийсэн малтлагаар өөр өөр дүрслэл бүхий XIII-XIV дүгээр зууны үед холбогдох гурван ширхэг хүрэл толь илрүүлжээ. Эдгээрийн дотроос байгаль орчны дүрслэл бүхий хүрэл толь нь анхаарал татна.


Нүүрэн тал нь цулгүй, ар талд нь байгалийн дүрслэлтэй уг хүрэл толь. Ар талын голд нь сэнж гаргаж, сэнжний зүүн талд цэцэглэж буй модны дор яриа өрнүүлж зогсох хоёр хүнийг дүрсэлжээ. цаана нь нэг гүүр хэдэн байшин үзэгдэнэ. Харин сэнжний баруун талд илжиг хөтөлсөн малчин, наана нь зүлгэн дээр идээшлэн буй мал сүргийг товойлгож хийсэн байна. Ярилцагч хоёрын нэг нь гараа ханцуйгаараа далдаж толгойгоо бөхийлгөн зогсох буюу нөгөөх нь ялигүй гэдийгээд гартаа толь барьсан үзэгдэнэ. Толины ард дүрсэлсэн энэхүү хоёр хүн нь Тан улсын үеийн Ли Чаовэй хэмээх хүний зохиосон "Лю Игийн түүх" нэртэй бүтээлийн баатар Лю И Лун хааны хоёр охин гэдгийг судлаачид тогтоожээ. Үүнтэй ижилхэн толь дэлхий дээр өөр нэг бий. Тэр нь Хятад улсын Хэйлонжян мужаас олдсон бөгөөд он цагийн хувьд 1115-1234 он буюу "Алтан улсын" үед хамаардаг. 


Хархорум музейн тайлбарлагч, судлаач Ж.Цамбагарав


Хархорумын Бурханы шашны Цогт их сүмийн макет. |Хархорум музей, үзэсгэлэнгийн их танхим| 


Гэрэл зургийг | Н.Батбаяр

Холбоотой мэдээ