Германы агаарын тээврийн компаниуд Египет рүү хийх нислэгээ сэргээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-12 12:52:44

КАИР. /Prensa Latina/. ХБНГУ-ын Тээврийн яамнаас зөвшөөрсний дагуу тус улсын иргэний агаарын тээврийн компаниуд Улаан тэнгисийн эрэг дэх Египет улсын Шарм-Эль-Шейх сувиллын газрын чиглэлд хийх нислэгээ сэргээхээр болжээ.

Террористуудын үйлдсэн халдлагын улмаас 2015 оны аравдугаар сард ОХУ-ын нисэх онгоц Синайн хойгт осолдсоны дараа нислэг хийхийг хориглосон  юм.

Нислэгийн хязгаарлалтыг цуцлах талаар Каир болон Берлиний хооронд зургаан сарын турш яриа хэлэлцээ явагдсан гэж Египетийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Улаан тэнгисийн эргийн дагуу орших Хургада болон Шарм-Эль-Шейхийн нисэх онгоцны буудлуудад Германы мэргэжилтнүүд хяналт шалгалт хийсний дараагаар ийнхүү нислэгүүдийг сэргээх тухай шийдвэр гаргалаа гэж Германд суугаа Египетийн элчин сайд Бадр Абдель Атти хэллээ.

Тэрбээр цааш нь дурдахдаа “Берлиний энэ шийдвэр нь Египетийн нисэх онгоцны буудлууд олон улсын аюулгүй байдлын стандартыг хангаж байгааг харуулж байна" гэжээ.

224 зорчигчийн аминд хүрсэн Оросын нисэх онгоцны сүйрлийн дараа Герман болоод ОХУ, Их Британи зэрэг улсуудын агаарын тээврийн компаниуд Египет рүү хийх нислэгээ зогсоосон билээ.

Х.Сарнай



 

Холбоотой мэдээ