Францын шинэ Ерөнхий сайдыг томилжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-04 10:05:17

ПАРИС. /France24/. Францад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хоёр сар орчмын хугацаанд хөл хорио тогтоосны дараа хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж буй үед Ерөнхий сайдыг шинээр томиллоо.


Өмнөх Ерөнхий сайд Эдуар Филипптэй харьцуулахад олны анхааралд нэг их өртдөггүй байсан Жан Кастекс түүний халааг авчээ. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон олон сарын турш хөл хорио тогтоож, өнгөрсөн долоо хоногт болсон орон нутгийн сонгуульд нам нь сул оролцсоны дараа эдийн засгаа сэргээхэд түлхүү анхаарахын тулд Засгийн газраа шинээр бүрдүүлж байгаа ажээ.  


Өдгөө 55 настай Ж.Кастекс олон Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагч боловч түүнийг Ерөнхийлөгч асан, барууныг баримтлагч Николя Саркозитой ойр нэгэн гэж үздэг бөгөөд Ж.Кастекс түүний тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байжээ.


Ж.Кастексийн ахлан боловсруулсан хөл хорионы хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулах төлөвлөгөөг түүний одоогоор гаргасан амжилтад тооцож байна. Э.Филипп коронавирусний хямралын үед улс орноо сайн удирдаж буйг олон иргэн сайшааж, сүүлийн хэдэн долоо хоногт нэр хүнд нь өсөөд байсан үед халаа сэлгээ хийсэн нь олон ажиглагчийг гайхшруулжээ.  


“Бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилийн хугацаанд улс орноо сэргээн байгуулахын тулд “шинэ замыг” эрэлхийлж байна” гэж Э.Макрон пүрэв гарагт хэд хэдэн сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Мөн тэрбээр Э.Филиппийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш сайн ажилласан хэмээн сайшаасан байна.


Өдгөө 49 настай Э.Филипп одоо Ле Хавр хотын захирагч болох төлөвтэй байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн ням гарагт явуулсан хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулжээ. Э.Филипп 2017 оны тавдугаар сард Засгийн газрын тэргүүнээр томилогдсон юм.  

Холбоотой мэдээ