“Шилэн дансны тухай хууль”-ийг 89.7 хувьтай хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-04 18:46:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Шилэн дансны тухай хууль”-ийг энэ оны эхний улиралд 89.7 хувьтай хэрэгжүүлсэн гэж дүгнэв. Өнгөрсөн оны эцэст дээрх хуулийн хэрэгжилт 99 хувьтай байсан юм. Тус аймагт төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний төсвийн 11 байгууллага, 14 сумын 25 нэгжийн 163 байгууллага бий.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Санхүүчдийн холбоо, Санхүү хяналт аудитын албатай хамтран аймаг, сумын түвшинд төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж байгаа эсэх, www.shilendans.gov.mn цахим хуудсын мэдээллийг ашиглан иргэд хяналт үнэлгээ шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү хүрээнд сумдын төсвийн байгууллагын удирдлага, нягтлан бодогч, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон нарийн бичгийн дарга нартай цахим хурал хийв. Цахим хурлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж буйгаа иргэдэд мэдээлж байгаа эсэх, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийдвэр, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой хүргэж чадаж байгаа эсэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Төсвийн орлого, зарлага, өдөр тутмын мөнгөн гүйлгээ, төсвийн гүйцэтгэл, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, иргэдэд ойлгомжтой байх мэдээллийн тогтолцоог “шилэн данс”-аар зохицуулж, манай улсад тав дахь жилдээ хэрэгжиж байна.  

Холбоотой мэдээ