Малчдын бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-07 11:15:11

Ховд /МОНЦАМЭ/. “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “ИТХ-Залуучуудын оролцоо-Эерэг хандлага” төсөл хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 6-нд зохион байгуулав. 

Сургалтын үйл ажиллагаа нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах нэгдсэн ойлголттой болох, холбогдох албан тушаалтнуудыг мэргэжил, арга зүйгээр хангах, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, зөрчил гомдлыг бууруулах, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой.

Сургалтад аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, холбогдох байгууллагын мэргэжилтэн, ЗДТГ-ын эрхзүйн ажилтан болон олон нийтийн цагдаа нараас бүрдсэн нийт 80 орчим хүн оролцож байна. 

Энэхүү сургалтын үеэр гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх замаар малчдын бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг сэдвийн дагуу холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Тус сургалтын үр дүнд нийт оролцогчдод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар видео хичээл, гарын авлага хүргүүлэх аж. 

Холбоотой мэдээ