Зэрлэг амьтдад зориулсан гарцын стандартыг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-07-07 11:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, БОАЖЯ авто болон төмөр замын дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах үндэсний стандартыг боловсруулжээ. Цагаан зээрээс эхлээд бусад нүүдлийн зэрлэг амьтдын чөлөөтэй шилжих хөдөлгөөнийг хангах зорилготой стандартууд нь “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц төлөвлөх” мөн “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц"-ууд юм.

Дээрх стандартын хэрэгжилтийн хүрээнд авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд энэхүү гарцын жишиг зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр манай улс Төв Азийн орнуудаас нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг тэрүүлэн батлаад байна. Учир нь улсад олон төрлийн стандарт гаргадаг ч ихэвчлэн хүн төвтэй нийгэмд зориулсан болохоос зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор хийгээгүй ирсэн юм. Одоо гарцын стандартыг батлан гаргаж хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэж байгаа юм.


Стандартыг мөрдөхөд тулгарч буй нэг зүйл нь одоо ашиглаж байгаа төмөр замын дагуух өргөст тор болоод байна. Нэг ёсондоо амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь авто болон төмөр зам. Монгол Улс нийт 1088  км урт төмөр замтай. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан олон дүрэм журмыг Засгийн газрын тогтоолоор батлан гаргасан  байдаг. Хэдий тийм ч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс түр журам гарган зэрлэг амьтны хөдөлгөөн хамгийн их илэрдэг 3 газарт өргөст торыг хэсэгчлэн нээж байна. Мөн судлаачдын хамт ажиглалт хийж, төмөр торыг зэрлэг амьтдын нүүдэл хөдөлгөөнд саад болж буйг тодорхойлох, мөн төмөр торыг нээх газрын байршлаа оновчтой сонгосон эсэхийг камераар хянаж байна. Судалгааны дүнд эерэг байдал гарч өргөст торыг нээсэн хэсгээр хар сүүлт, цагаан зээр олноор гарах болжээ. Мөн хулан зэрэг том амьтад чөлөөтэй нүүдлэх болсон байна.

Цаашид авто болон төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих үед зэрлэг амьтдын гарцыг тусгах, ингэхдээ инженерийн зөв шийдлийг сонгох, мөн байршлыг оновчтой тодорхойлох зэрэг нь чухал болоод буйг эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд хэлж байна. Энд замын төлөвлөлтийн инженерүүдээс гадна тухайн зүйлийн амьтан судлаачдын хамтын ажиллагаа чухал болжээ.

Холбоотой мэдээ