Хүүхдийн зуслан, сүм хийд, үзвэр үйлчилгээний газрыг үе шаттайгаар нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-07 21:46:07

Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 24, 25 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн а/445 дугаар захирамж гарлаа.

Энэ захирамжаар паб, биллиард, хүүхдийн зуслан, тоглоомын газар, үзвэр үйлчилгээ, караоке, хурдан морины уралдаан, сүм хийдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулан үе шаттайгаар нээхээр боллоо.

Харин аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, интернэт тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хориглов.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх дэлгүүрийн цагийн хуваарийг 10:00-20:00 цаг, паб, караоке, рестораны цагийн хуваарийг 10:00-22:00 цаг байхаар тогтоолоо.  

Холбоотой мэдээ