УИХ-ын гурван байнгын хороо шинээр байгуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-09 13:02:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Т.Аюурсайхан нарын гишүүний санаачлан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төсөлд, УИХ-ын гурван байнгын хороо шинээр байгуулахаар тусгажээ. 


Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 8 байнгын хороотой ажиллахаар хуульчилсан. Гэвч зарим Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь УИХ-аас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, УИХ-ын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.


Тиймээс УИХ-ын ажлыг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороодыг нэмж байгуулах шаардлагатай байна гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагаа, батлагдан гарч байгаа хууль тогтоомж, бусад шийдвэр оновчтой байх, зохих салбар, чиглэлээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон УИХ-ын Тамгын газарт тухайн асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид илүү мэргэшин ажиллах боломж нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм. Эдгээр шаардлага, нөхцөлийг үндэслэн УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.


Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцэж, дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нар төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн гурав хүртэлх байнгын хороонд ажиллаж болохоор төсөлд тусгасан байгаа нь УИХ-ын гишүүний ажиллах нөхцөл боломжийг хангасан заалт болсныг онцлоод, дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Байнгын хорооны бүтэц нь Засгийн газрын хэрэгжүүлэх ажил руу хэт хутгалдаж болохгүй гэдгийг санууллаа. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсарч ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байгааг тодотгоод, аливаа хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэдгийг хэллээ. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасны дагуу УИХ-ын гишүүн "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" хэмээн тангараг өргөснийг дурдаад, гишүүн ТББ тэргүүлснээр ашиг сонирхлыг зөрчил болно гэдгийг сануулав. Ингэснээр, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах үндэслэл болох эрсдэлтэй гэдгийг тэмдэглэв.


УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Т.Аюурсайхан гишүүний асуултад хариулахдаа, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө УИХ-ын гишүүний хавсарч болохгүй албан тушаалыг хууьд тусгасан гэлээ. Сонгуульт ажил хашсан хүн бүр гэмт хэрэгт холбогдож байна гэж ойлгож болохгүй хэмээн тайлбарлааад хууль зөрчсөн хүнд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тэмдэглэв. 


Төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед энэ талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн байгууллагуудын өдөр тутмын ажилд оролцохгүй гэдгийг тайлбарласан. Ажил давхардахгүй, Засгийн газрын ажилд оролцохгүй, захиргааны ажил хийхгүй. Харин эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, төрийн байгууллагууд дахь нийт 600 гаруй Ёс зүйн хороодыг эрх зүйн талаас нь дэмжих, УИХ-аас баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянаж ажиллана гэдгийг нэмж тайлбарласан.


Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлаар хуралдах тул чуулганын нэгдсэн хуралдаан завсарлав. 

Холбоотой мэдээ