Зургаагийн даваанд улсын харцага цолтон төрөх боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-12 15:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдааны тавын даваанд 3 аварга, арслан, гарьд, заан цолтнууд өвдөг шороодож, Монгол Улсын начны болзлыг аймаг, цэргийн арслан 9 бөх хангаад байна.


Монгол Улсын аварга Н.Батсуурь, аймгийн арслан Б.Суманчулуунаар тав давсан бол улсын аварга Г.Эрхэмбаярыг аймгийн арслан Х.Цогтгэрэл давж улсын начны болзол хангалаа. Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин Б.Чимэдвандангаар тав давлаа.


Энэ наадмын үзүүр түрүүнд хүч үзэх бөх хэмээн таамаглаж байсан улсын арслан Ц.Содномдорж, аймгийн арслан Ц.Мөнхбаярт өвдөг шороодсон бол улсын аварга Ч.Санжаадамбыг улсын начин Ц.Одбаяр давж начин цолоо батлав.


Харин улсын харцага М.Бадарч, аймгийн арслан  Н.Хүрэлсүхийг давсан бол улсын гарьд Б.Гончигдамбыг цэргийн арслан Т.Дүгэрдорж давж улсын начны болзол хангалаа. Мөн аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, улсын начин Л.Лха-Очироор, тавын даваанд тунаж барилдсан аймгийн арслан Б.Зоригтбаатар, цэргийн арслан Г.Жамбалдоржоор, аймгийн арслан Б.Бат-Орших аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж Монгол Улсын начны болзол хангаж наадамчин олноо баясгав.


Баян-Өлгийн аймгийн арслан Н.Мустафа улсын начин Э.Энхбатаар, аймгийн арслан Д.Хүдэрбулга, улсын заан Б.Батмөнхөөр, аймгийн арслан  Ш.Пүрэвгарьд, улсын начин Л.Лха-Очироор тус тус 5 давж начин цолны болзол хангав.  Харин энэ даваанд учраа таарсан улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Эрдэнэхүү болон улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Амарсайхан нар барилдаж байна.


Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:


    Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга

    Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл

    Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж

    Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших

    Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар

    Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр

    Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа

    Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ

Холбоотой мэдээ