М.Өлзийбат: Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн газар хөдлөлтийн давтамж ойртож байж болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-15 15:36:53

Дорнод /МОНЦАМЭ/. Он гарсаар Дорнод аймгийн Матад сумын нутагт дөрвөн удаагийн газар хөдлөлт болоод байгаа юм. Дээрх тохиолдлууд бүгд нэг байршилд болсон нь анхаарал татаж байгаа учир энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын дарга М.Өлзийбатаас тодрууллаа.


-Он гарсаар дөрвөн удаагийн газар хөдлөлт Дорнод аймгийн Матад сумын нутагт, яг нэг цэгт болсноос үүдэлтэйгээр иргэдийн дунд болгоомжлол үүсээд байна.  Дээр дурдсан цэг дээр бидний мэдэж байгаа дөрвөн тохиолдлоос өөр чичирхийлэл, газар хөдлөлт мэдрэгдсэн болов уу?

-2020 он гарсаар Дорнод аймгийн Матад сумын нутаг буюу газрын тосны талбайд нийтдээ 100 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Харин үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт дөрвөн удаа болсон гэсэн үг. Үүнээс энэ сарын 04-ний өдрийн 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь тус бүсэд ажиглагдсан хамгийн хүчтэйд тооцогдож байна.

-Хүнд мэдрэгдэх гэдэг нь ямар хэмжээтэй газар хөдлөлтийг хэлж байна вэ?

-Хүнд мэдрэгдэх гэдэг нь хүчтэйвтэр, өөрөөр хэлбэл суурин газар болон голомтын орчимд байгаа ард иргэдэд мэдрэгдэх хэмжээтэй чичирхийлэл үүсгэснийг хэлж байгаа юм.

-Хамгийн сүүлийн газар хөдлөлтийн нөлөө Газрын тосны 19дүгээр талбайн баазын эд зүйлс нурах, хүмүүст доргилт чичиргээ байдлаар мэдрэгдсэн. Олон нийтийн дунд газрын тос олборлолттой холбоотойгоор тайван амгалан тал нутагт газар хөдлөлт ойрхон давтамжтай болж байна гэсэн таамаг гараад байна?  

-Үндсэн хуулинд аюулгүй тайван орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр ойрхон болоод байгаа эдгээр хүчтэй газар хөдлөлтүүдийн учир шалтгаан, хэрвээ үүнээс илүү хүчтэй газар хөдлөлт тохиолдвол ямар хэмжээний хохирол амсаж болох талаар бид нарийн судалж тогтоох ёстой.  Байгалийн буюу тектоник хөдөлгөөнтэй холбохоос илүүтэй хүний үйл ажиллагаатай холбоотой байх магадлалтай шүү. Гэхдээ нарийвчилсан судалгааны ажил хийж байж үндсэн шалтгааныг тогтооно. Ер нь дэлхийн хэмжээнд газрын тосны олборлолтоос үүдэлтэй газар хөдлөлтүүд гарах болсон. Тухайлбал, АНУ, Хятад зэрэг олон улсуудад болсон өдөөгдсөн газар хөдлөлт, түүнээс учирсан гамшиг зэргээс энэ дүгнэлтийг хийж болно. Өдөөгдсөн хүчтэй газар хөдлөлт гэдэг нь шууд хүний үйл ажиллагаатай холбоотой болсон гэсэн үг.       

-Зүүн бүс нутаг бол газар хөдлөлтийн хувьд идэвхгүй бүсэд хамаардаг шүү дээ. Өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газар хөдлөлт болж байсан. Энэ нутаг бол Матад сумтай хил залгаа газар л даа.  

-Монгол орны нутаг дэвсгэрийг ерөнхийд нь хүчтэй газар хөдлөлийн голомт бүхий идэвхтэй бүс нутаг ба харьцангуй идэвхжилт багатай бүс гэж ангилж үздэг. Идэвхтэй бүс нутагт Монголын баруун болон төвийн бүс нутаг, идэвхжилт багатайд зүүн аймгийн нутгууд багтдаг. Тухайлбал, Монгол Алтай, Говь-Алтай, Хангайн нуруудад наймаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байдаг. Харин зүүн аймгийн тухайлбал, Дорнод аймгийн нутагт хүчтэй газар хөдлөлтүүд болж байгаагүй. Харьцангуй тайван бүс нутаг гэж хэлж болно. Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл таван магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр ч удаа богинохон хугацаанд болоод байгаа. 2019 оны 5дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт, Дорнод аймгийн Матад сумаас урагш 65 км зайд хүчтэй газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлтийг чичирхийлэл Чойбалсан хотод мэдрэгдсэн байдаг.

-Манай улсын хувьд газар хөдлөлтийн эрсдэл ямар байдаг вэ?

-Эрсдэл өндөртэй бүс нутагт багтдаг. Нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь долоон баллаас дээш бүсэд багтдаг. Өнгөрсөн зуунд гамшиг учруулах хэмжээний буюу магнитуд наймтай буюу 10-12 баллын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон зэрэг нь  эрсдэл бүхий нутаг дэвсгэр гэдгийг харуулдаг л даа.

-Газар хөдлөлт болох аюулыг урьдчилан мэдэх боломжтой юу?

-Дэлхийн шинжлэх ухаан хүчтэй газар хөдлөлт болох хугацааг урьдчилан хэлэх түвшинд хүрээгүй байна. Гэхдээ энэ талаарх судалгааны ажлууд эрчимтэй хийгдэж байгаа. Болзошгүй аюулыг урьчилан таамаглаж арга хэмжээ авах нь газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх үндсэн нэг арга болсоор удаж байна. Энэ нь хүчтэй газар хөдлөлт болох боломжит голомтуудыг тогтоож, учирч болох аюулыг үнэлэхэд оршдог. Ингэснээр бид хот тосгон, суурин газар болон үйлдвэрийн бүс нутгаа зөв төлөвлөж тэсвэртэй байхаар байгуулж болно. 

-Хүчтэй газар хөдлөлтөнд юу болохыг төсөөлөхөд хэцүү. Тиймээс иргэд газар хөдлөлтийн үед өөрөөс шалтгаалах ямар арга хэмжээг авах ёстой байдаг вэ?

рсдэл бүхий бүс нутаг учир бүгд энэ талаар санаа зовж аюулгүй байдлаа хангаж амьдрах шаардлагатай. Шинжлэх ухаанчаар хот суурин газраа төлөвлөж, барилга байшингаа норм дүрмийн дагуу сүндэрлүүлж, гамшгаас хэрхэн хамгаалах сургалт зөвлөмжийг дагах ёстой. Иргэд, бизнес эрхлэгчид маань мөнгийг чухалчлахаас илүүтэй стандартын шаардлага хангасан барилга байшин барих, дүрэм журмаа сахиж ажиллах нь гамшгаас сэргийлэх хамгийн том алхам юм. Энгийн жишээ дурдахад барилга байшин барьж ашиллалтанд өгч буй байгууллагуудаас энэ нь заасан норм дүрмийн дагуу баригдаж уу үгүй юу, миний амьдрах аюулгүй орчинг бүрдүүлсэн байна уу гэдэг талаас нь харж шаардаж байх ёстой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ