НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-13 12:04:22

НҮБ. /VOA/. НҮБ-ын эдийн засагчид энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэж таамаглажээ.

НҮБ-ын шинжээчдийн өчигдөр гаргасан дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлвийн талаарх тайланд эдийн засгийн өсөлт сул хэвээр байх төлөвтэй байгааг дурджээ. Тэдний үзэж байгаагаар, нефтийн ханш унаж, “Эль нино” байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй цаг уурын хүндрэл болон улс төрийн тогтворгүй байдал зэрэг шалтгаануудын улмаас 2016 онд дэлхийн эдийн засгийн өсөлт түүхэн дунджаас доогуур байх ажээ.

"Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай байна гэж бид төсөөлж байна. Энэ нь 2015 оныхтой адил сулхан үзүүлэлт юм" гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын эдийн засагч Дон Олланд мэдэгдэв.

Мөн тэрбээр хэлэхдээ "2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас өмнөх 10 жилийн эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж хувь нь одоогийнхоос бүтэн нэг пунктээр илүү байсан. Энэ зааг ялгаа богино хугацаанд арилна гэж бид үзэхгүй байгаа. Ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.8 хувьд хүрнэ гэж төсөөлж байгаа нь түүхэн дунджаас доогуур үзүүлэлт юм. Тиймээс бид дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээхийн тулд тэнцвэртэй бодлого явуулах хэрэгтэй" гэж онцлон дурджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ