Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалалтад авлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-16 16:48:26

Булган/МОНЦАМЭ/.Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын хамгаалалтад байдгаас бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар аймгийн хамгаалалтад авах түүх, соёлын үл хөдлөх дурсгалт 496 зүйлийн талаарх саналыг холбогдох мэргэжлийн байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх аж. Харин ИТХ-ын шийдвэрээр 1174 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг сумын хамгаалалтад авлаа. Буган чулуун хөшөө, хиргисүүр, булш, хүн чулуу, барилга архитектурын төрлийн дурсгалыг өнгө үзэмж алдагдах, эртний түүх соёлын өвд өөрчлөлт орох, бүдгэрэх зэргээс хамгаалах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

-Орон нутагт түүх соёлын дурсгалыг хамгаалан хашаа барих, тухайн нутгийн иргэдэд хариуцуулах зэрэг ажил хийж байна. Сумын төрийн байгууллагаас соёлын өвийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа гэж аймгийн музейн ажилтан Ж.Ганбат ярилаа. Сүүлийн үед олз хайгчид булш, хиргисүүр ухах, зарим хүмүүс эртний хадны бичээс, зураг зэргийг бүдгэрүүлэн эрээчих зэрэг тохиолдол гарч байгаа учир түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай болжээ.

Холбоотой мэдээ