Холбооны мөрдөх товчоо “Twitter”-ийн цахим халдлагыг шалгаж эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-17 09:30:10

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо “Twitter” нийгмийн сүлжээнд лхагва гарагт болсон цахим халдлагыг мөрдөн шалгаж эхэлсэн талаараа пүрэв гарагт мэдээлэв.


“Холбооны мөрдөх товчоо 2020 оны долоодугаар сарын 15-нд болсон, нэр нөлөө бүхий хэд хэдэн хүний “Twitter” хаягтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж байна. Одоогийн байдлаар тэдгээр хаягийг криптовалютын залилан хийхийн тулд хакердсан бололтой. Ийм зүйлд итгэн криптовалют юм уу мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг бид олон нийтэд зөвлөж байна” гэж Холбооны мөрдөх товчооны Сан-Франциско дахь хэсэг мэдэгджээ.


Мөн "Нью-Йорк муж улсын Санхүүгийн үйлчилгээний хэлтэс уг томоохон халдлагыг мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэж тус муж улсын захирагч Эндрю Куомо пүрэв гарагт мэдэгдсэн байна.


Лхагва гарагт хакерууд Жефф Безос, Жо Байден, Ким Кардашьян, Барак Обама зэрэг нэр хүндтэй улс төрчид, олны танил хүмүүсийн хаягт халдаж, үл мэдэгдэх биткойн хаяг руу мөнгө шилжүүлсэн тохиолдолд хоёр дахин нугалан буцааж шилжүүлнэ гэх утгатай нийтлэл бичсэн юм. Биткойны олон нийтэд нээлттэй цахим хуудаснаас үзэхэд, халдлагын үеэр хакеруудад 100 мянга гаруй ам.доллар иржээ.


Twitter” компанийн мэдээлснээр, хакерууд дотоод системд нэвтрэх эрхтэй зарим ажилтныг онилон халдлага үйлдсэн байна. Тус компани дотоод системд нэвтрэх боломжийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд дотооддоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдээлжээ. “Twitter” халдлагын талаарх мэдээ гарсны дараа баталгаажсан бүх хаягийн жиргэх, нууц үг солих боломжийг хязгаарлаж, хуурамч жиргээнүүдийг устгасан юм. 

Холбоотой мэдээ