Д.Нямхүү: Коронавирусний халдвар авсан 2 иргэн эдгэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-19 12:12:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвартай хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан тухай тус төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 


Тодруулбал, 26 настай эрэгтэй 26 хоног эмчлүүлсэн бол 24 настай эмэгтэй 20 хоног эмчлүүлж дараагийн шатны сувилалд шилжжээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид өчигдөр 113 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Тодруулбал, Афганистан улсаас ирсэн 31 энхийг сахиулагч болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 иргэний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 38 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ бүгд сөрөг гарсан байна. Мөн гэрийн тусгаарлалтад байсан эх өнөөдөр эсэн мэнд амаржсан тухай мэдээллээ. 


Манай улсад шинэ коронавирусний халдварын 287 батлагдсан тохиолдол байна. Эдгээрээс 213 нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, 74 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.


Дэлхий даяар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 14 сая 426 мянга байгаа бол амиа алдсан нь 614 мянга болжээ. Харин эдгэрсэн хүний тоо найман сая 612 мянгад хүрчээ. Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн нь АНУ, Бразил, Энэтхэг улс байна. 

Холбоотой мэдээ