Ларри Эллисон хорт хавдартай тэмцэхэд 200 сая доллар хандивлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-13 16:31:18

НЬЮ-ЙОРК./ТASS/. Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том компаниудын нэг болох АНУ-ын Oracle /Оракл/ корпорацийг үндэслэн байгуулагчдын нэг Ларри Эллисон 200 сая долларыг хорт хавдрын судалгааны төв байгуулахад зориулан хандивлажээ. Энэ тухай пүрэв гарагт Блүүмбэрг агентлаг мэдээллээ. 

Хандивын мөнгийг Өмнөд Калифорнийн Их сургуулийн судалгааны хүрээлэнгийн дансанд шилжүүлсэн бөгөөд энэ их сургууль дээр хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг боловсруулах судалгааны тусгай төв байгуулагдах юм.

Тус их сургуулийн профессор Дэвид Агус ярихдаа “ийм өгөөмөр хандивыг хүлээн авсан манай байгууллага эмч, инженер, биологичид болон физик, математикийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн эрдэм шинжилгээний багийг байгуулан, хорт хавдартай холбоотой суурь асуудлуудыг судлах болно” гэлээ.

Ларри Эллисоны хөрөнгийн нийт хэмжээ 42 тэрбум доллароос давна гэж Блүүмбэрг тооцоолсон байна. Тэрбээр их хэмжээний мөнгийг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлаж буй анхны тэрбумтан биш юм. Өмнө нь “Фейсбүүк” компанийн захирал асан Шон Паркер хорт хавдрыг анагаах эм гарган авах чиглэлээр судалгааны хүрээлэн байгуулахад 250 сая долларын хандив өргөж байсан юм. Түүнээс гадна, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмбэрг энэ оны гуравдугаар сард Мэрилэнд дэх Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуульд 125 сая доллар хандивласныг хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн дархлааг дэмжих чиглэлийн судалгааны ажилд зарцуулахаар болсон билээ.

1977 онд байгуулагдсан Oracle компани нь программ хангамжийн салбарт орлогын хэмжээгээр Microsoft-ын дараа ордог бөгөөд өнгөрсөн оны тайлангаас үзвэл 38 тэрбум долларын орлоготой ажиллажээ.  Тус компанийн төв оффис Калифорни муж улсын Редвүүд-Сити хотод байрладаг юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ