Япон улс 9.3 сая ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тусална

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-24 14:36:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 9.3 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж олгох болсноо Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах үеэрээ мэдэгджээ.


Гадаад харилцааны яамны "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос дээрх мэдээллийг өгөв.  Тэрбээр, цар тахал дэгдсэнээс хойш Япон улсын ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагаа болон бусад Олон улсын байгууллагаас эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхэд 2 сая 90 мянган ам.долларын тусламж үзүүлснийг онцоллоо. 


9.3 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх буцалтгүй тусламжийн бичигт Монгол Улс, Япон улсын тал тохиролцож зургаадугаар сард гарын үсэг зурсныг дурдав. Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, төсвийг дэмжих хүрээнд Монгол Улсад Япон улсаас хөнгөлөлттэй зээл олгохоор судалж байгаа аж. Тус улсаас зээл олгох орнуудын жагсаалтад манай улс багтсан байна. 


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш Ази, номхон далайн бүсийн 11 улс орноос Монгол Улсад суугааа Элчин сайдыг хүлээн авч уулзжээ. Хэдийгээр танилцах уулзалт байсан ч цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлийг бодитоор хамтран даван туулах чиглэлээр санал солилцсон чухал ач холбогдолтой байсныг тэрээр мэдээллийнхээ үеэр тэмдэглэв.

Холбоотой мэдээ