Ж.Лхагва, Д.Сэржмядаг нар Ази тивийн дэд аваргууд боллоо

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2020-07-24 17:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн Ахмадын шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-21-нд цахимаар болж, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва, спортын мастер Д.Сэржмядаг нар эрэгтэй, эмэгтэй ангилалд II байрт тус тус шалгарч Ази тивийн дэд аваргууд боллоо.

Азийн шатрын холбоо дээрх тэмцээнийг www.chess.com цахим сайт дээр зохион байгуулсан юм. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва тус онлайн тэмцээний 65-аас дээш насны эрэгтэй ангилалд, эмэгтэй ангилалд ахмадын багийн хошой Дэлхийн аварга, спортын мастер Д.Сэржмядаг оролцсон юм. 

Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва Ахмадын Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний өөрийн оролцсон ангилалдаа нэг ч хожигдолгүй түрүүлж аваргалав.

Тэмцээний төгсгөлийн шатанд Ази тивийн 7 бүс тус бүрээс эхний 3 байрт шалгарч улмаар тунах шатны тэмцээнд оролцох эрхээ авсан бүсийн аваргууд болох 19 ахмад шатарчин өрсөлдсөн юм. Мастер Ж.Лхагва тэмцээний туршид Казахстаны шатарчин Примбетов Мараттай хамт тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж, сүүлийн өрөгт хожигдол хүлээж 0.5 онооны зөрүүтэй хоёдугаар байр эзэлжээ. Тэгвэл спортын мастер Д.Сэржмядаг тэмцээний хоёрдугаар хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч тоглон сүүлийн 2 өрөгт мөн Казахстан улсын хүчтэй тамирчид болох олон улсын мастер Нукин Тулегэн, тус тэмцээний аварга Примбетов Марат нартай таарч тоглон 2 дараалан тэнцсэн үзүүлэлтээр эмэгтэй ангилалд хоёрдугаар байрт эрэмбэлэгдлээ.


Холбоотой мэдээ