Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канадын Элчин сайдтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-27 16:33:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны дэлгэрэнгүй санал солилцов.


Элчин сайд К.Ивкоф Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албанаа томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар Монгол, Канадын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг тэмдэглэж, улмаар шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахаа нотлов.


Элчин сайд К.Ивкоф ардчилал, парламентын засаглал, хүний эрхийг дээдлэх, хууль эрхзүйт ёсны зарчмыг хүндэтгэх, хэвлэлийн эрх чөлөөтэй байдал зэрэг үнэт зүйлс нь манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь болж байгааг тэмдэглээд, Канад Улс нь хөрөнгө оруулалтыг дэмжих, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Монгол Улсыг тууштай дэмжиж хамтарч ажиллаж ирсэндээ баяртай байдгаа илэрхийлэв.


Манай орны гуравдагч хөрш, хөрөнгө оруулалтын тэргүүлэгч түнш Канад Улс нь манай улсын уул уурхайн салбарыг дэлхийд таниулах, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг Сайд Н.Энхтайван онцлохын сацуу цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улсад олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, улмаар гуравдагч орны зах зээлд нийлүүлэхэд хамтран ажиллахыг хүсэв.


Шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг тэмдэглээд, цар тахлын үед ч хоёр орны харилцааг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.


Сайд Н.Энхтайван COVID-19 цар тахлын үед Канад Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдэд зохих анхаарал хандуулж, байгаад талархал илэрхийлээд үргэлжлүүлэн тусалж дэмжихийг Элчин сайдаас хүсэв.

Холбоотой мэдээ