Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-27 17:37:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Сайд Н.Энхтайван НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, ялангуяа сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах, эх нярайн эндэгдлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг уулзалтын эхэнд дурдав. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын системийн байгууллагуудын тэргүүлэх чиглэл бүхий хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” бодлогын чухал баримт бичгийн хэрэгжилтийг хангахын төлөө бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.


Түүнчлэн, COVID-19 цар тахлын улмаас иргэдийн орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засагт үүсэж буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.


НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлж буйгаа дурдаад цаашид цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар мөн оролцов.

Холбоотой мэдээ