Монгол, Турк арьс шир боловсруулах чиглэлээр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-30 13:35:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркийн Хамтарсан Худалдааны танхимын цахим бага хурал энэ сарын 27-нд болсон тухай Гадаад харилцааны яам өнөөдөр мэдээлэв. 


Цахим бага хурлыг тус танхимын Туркийн талын дарга Эрсин Кашка, Монголын талын дарга С.Болдхэт нар ахалж, мөн Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал нар үг хэлжээ. Тус цахим уулзалтад хоёр талаас аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир боловсруулах, эмийн зэрэг олон салбарт ажилладаг 40 гаруй компани оролцов. Монголын тал Дарханы арьс ширний цогцолборын төслийг хэрэгжүүлэх, халал аргаар боловсруулсан мах экспортлох, тахианы мах, өндөгний чиглэлийн тоног төхөөрөмж авах, технологийн ноу-хаугаас суралцах зэрэг санал тавив. Харин Туркийн талаас арьс ширний чиглэлээр хөрөнгө оруулж, хамтран ажиллах зарчмын шийдвэр гаргасаныг Эрсин Кашка мэдэгдээд, аялал, жуулчлал болон бусад харилцан сонирхсон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.


Талууд олон жил ярьсан ч хоёр талын худалдааны харилцаанд ахиц гарахгүй байгааг тэмдэглэн, харин худалдааны хамтарсан танхим байгуулагдсанаар энэхүү байдлал өөрчлөгдөн, урагшаа харж ажиллах боломжтой болсныг тэмдэглэв. Монгол, Туркийн худалдааны хамтарсан танхим байгуулах шийдвэрийг 2013 онд гаргасан ч 2020 онд л эцэслэн байгуулагджээ. Хоёр талын худалдааны эргэлт 2019 онд 44 сая ам.доллар байжээ. 

Холбоотой мэдээ