Т.Батцэцэг: Томоохон төсөлд ажиллах 190 мэргэжилтэн БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-31 11:43:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын үед худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, томоохон төсөл хөтөлбөрийг урагшлуулахад чиглэсэн "Ногоон гарц" түр журам маргаашнаас эхлэн хэрэгжинэ гэдгийг ГХЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг мэдээлэв. 


Цар тахлын улмаас БНХАУ-тай явуулж буй эдийн засгийн хамтын ажиллагаанд үүссэн нөхцөл байдлыг сэргээхэд чиглэж Хятадын талтай тохиолцсоноор "Ногоон гарц" түр журмыг боловсруулжээ. Уг түр журмаар, Монгол, Хятадын боомтоор ачаа тээврийн жолооч нар нэвтрэх боломж урьд өмнөхөөс илүү өргөн, хялбар болно гэдгийг тэрбээр мэдээлэлдээ тэмдэглэв. Үүний зэрэгцээ, хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрт зайлшгүй оролцох шаардлагатай инженер, техникийн ажилтнууд хоёр улсын хооронд харилцан зорчих боложмийг нээсэн гэлээ. 


Манай орны иргэд, аж ахуйн нэгжүүд Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, барилгын материал зэргийг худалдан авах ажиллагааг хялбаршуулж, цахим худалдааг дэмжихэд чиглэсэн заалтууд уг журамд туссан гэдгийг онцлов. Мөн манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргахад хил, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй хугацааг аль болох шуурхай богино болгох зохицуулалт тусгажээ. 


"Ногоон гарц" журмаар нөгөө улсдаа зорчихоор хүсэлт гаргасан иргэн хоёр улсын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, COVID-19-ийн шинжилгээ өгсний дараа хил нэвтэрнэ. Хилээр нэвтэрсний дараа тухайн улсынхаа халдвар, хамгааллын холбогдох журмыг баримтлах юм. Энэ хүрээнд, Монгол Улсад БНХАУ-аас ирсэн иргэд 21+14 гэсэн тусгаарлах горимыг мөрдөнө гэдгийг ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг тодотгов. Тэрбээр, "Энэхүү журмыг хэрэгжүүлснээр, зайлшгүй шаардлагатай иргэд зорчих боломжийг нээх, ачаа барааны эргэлтийг шуурхай, түргэн болгох, том төслүүдийн явцыг урагшлууахад дөхөм болно. Товчоор хэлэхэд, халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн шаардлагыг урьдын адил сайтар хангасны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэхэд чиглэсэн хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлт" гэдгийг тэмдгэлэлээ. (Ногоон гарц түр журмын бүрэн эхтэй энд дарж танилцна уу.)


Дарханы зам, Төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон төсөлд ажиллахаар урьдчилсан байдлаар 190 ажилтан БНХАУ-аас ирэхээр хүсэлтээ гаргаад буйг ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг мэдээлэлдээ дурдав.


Монгол Улсын Засгийн газар хөрш орнуудтай өндөр хэмжээний харилцаагаа хадгалахыг эрмэлзэхийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийг эн тэргүүний зорилт болгон ажиллаж буйг дурдлаа. Түүнчлэн хоёр хөрштэйгээ байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлээ улам бүр хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгааг хэллээ. 


Тэрбээр, "Дэлхийн дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан өмнөх жишгээр гадаад хамтын ажиллагааг төлөвлөж тогтмол хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Гэсэн ч ГХЯ-наас хөрш орнуудтай өндөр түвшний хэлхээ, холбоогоо хадгалж, хамтын ажиллагааны голлох механизмыг аль болох тогтмол үргэлжлүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна" гэдгийг онцлов. 


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа томилогдсоны дараахан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итай утсаар ярьж, мөн ОХУ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдуудтай уулзжээ. Энэ үеэрээ, ойрын хугацаанд хөрш орнуудын хэрэгжүүлэх өндөр дээд түвшний айлчлал, Засгийн газар хоорондын комиссын ажлыг явуулах зэрэг хоёр талын хамтын ажиллагааны хамгийн чухал зүйлийг энэ онд аль болох уламжлалт хэлбэрээр зохион байгуулах, боломж бүрдэхгүй бол цахим хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцсон байна. Үүнээс гадна Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгуулахаар тохирсон гэдгийг мэдээлэлдээ тэмдэглэв. 

Холбоотой мэдээ