Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааг байгуулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-31 12:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаас нийслэлд хэрэгжих нийтийн тээврийн дүүжин замын тээврийн Ашиглалтын өмнөх захиргааг ОНӨТҮГ-ын статустай байгуулав. 

Тус захиргаа нь “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд захиалагч талыг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэх үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах юм. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг төслийг 2020-2023 онд Франц улсын Засгийн газрын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хоёр чиглэлээр хэрэгжүүлэх юм. 

Үүнд, нийслэлийн Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий мөн гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.


Уг төслийг хэрэгжүүлэхэд “Ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулах шаардлагатайг Нийслэлийн Засаг даргын албан үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. 

"Нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн нийт хугацаа 40 жил, жилийн хүү 0.0076 хувь, үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөх юм.

Холбоотой мэдээ