“Цогт их асар” сүмийг олон түмэнд ил үзмэр болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:25:32

Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 8-ны өдөр эртний нийслэл Хархорум хотын “Цогт их асар” сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, ил үзмэр болгох төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.

ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгон эзэмшиж ашиглах бүтээн байгуулалтын төсөл юм. Энэ төсөл 2014 оноос эхэлсэн аж. ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам санхүүжүүлсэн уг төслийнхэн Цогт Их Асар сүмийн барилгын археологийн үлдэцийг хамгаалахын зэрэгцээ археологийн судалгаан дээр үндэслэн тавцангийн хана, түүн дээр гарч буух шатыг ЮНЕСКО-гийн стандартын дагуу дахин сэргээж босгожээ.

Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл болсон энэхүү сүмийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон билээ.

Монгол-Герман хамтарсан Хархорум экспедици нь Монголчуудын байгуулсан эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн асуудал, мэдээллийг тодруулах зорилгоор сүүлийн 20-иод жилийн турш Хархорум хот орчимд хийсэн малтлага судалгаа хийж байгаа юм.  

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ