Сураггүй болсон иргэний цогцсыг 13 хоногийн дараа олжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-04 11:46:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн иргэн, 20 настай Н өнгөрсөн сарын 20-ны өдөр  “Арал толгой” хэмээх газарт адуундаа яваад сураггүй болсон юм.

Тус газар нь аймгийн төвөөс 230 км, сумын төвөөс 150 км зайтай. Иргэн Н-гийн морь эмээл нь усанд норсон байдалтай  гэртээ ирсэн тул ар гэрийнхэн нь түүнийг Хоромдох голд живсэн байж болзошгүй хэмээн аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги,  Хилийн 0165 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид долдугаар сарын 20-26-ны өдрүүдэд “Хоромдох”-ын голын дээд хэсгээс “Хотон нуур” хүртэл завьтай урсаж, усны гүнд хэд хэдэн удаа шумбалт хийжээ. Мөн нисгэгчгүй төхөөрөмжөөр,  эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэхдээ үр дүнд хүрээгүй тул 26-ны өдрийн өдрийн 21:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Харин сураггүй болсон иргэний цогцсыг ар гэрийнхэн энэ сарын 2-ны өдөр 13 хоногийн дараа усны эргээс олсон байна.  

Холбоотой мэдээ