Бороо хүнсний ногооны үнэ өсөхөд нөлөөлсөн үү?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-05 14:57:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Намрын улиралд хүнсий ногооны ургац хураалт эхэлснээр, нийлүүлэлт нэмэгдэж, үнэ хямдардаг. Тэгвэл энэ жилийн хувьд шинэ цар тахлын улмаас иргэдийн орлого, амьжиргаа тасалдсанаас худалдан авалт буурчээ. Мөн энэ жил бороо хур ихтэй байснаас хамаарч хүнсний ногооны үнэ нэмэгдэж буйг жижиглэнгийн худалдаа эрхлэгчид ярьж байна. Хүнсний ногооны үнэ ханшийн талаар худалдааны төвүүдээс сурвалжиллаа.



-ДАРАМТ ИРСЭН БОЛОХООС ХӨНГӨЛӨЛТ ИРЭЭГҮЙ-

Бид эхлээд Бөмбөгөр худалдааны төвд очиж, хүнсний ногоо худалдаалах хэсэгтэй танилцсан юм. Энд төмс кг нь 1500-1800, лууван-2000, байцаа- 1100, манжин-2000, сонгино-2300 төгрөгийн үнэтэй байлаа. Ногооны үнэ, ханшийн талаар Бөмбөгөр худалдааны төвд худалдаа эрхлэгч Г.Очирбаттай уулзаж ярилцлаа. Тэрбээр, "Би хүнсний ногооны бизнес эрхлээд 20 гаруй жил болж байна. Коронавируст халдвар гараад бидэнд дарамт л ирсэн болохоос хөнгөлөлт ирээгүй. Улсаас бид нарын түрээсийг 30-40 хувь хөнгөлөхөөр болсон гэж ярьсан. Манай захирал 30-40 хувь хөнгөллөө гэсэн. Үнэндээ бидэнд нэг хувь ч хөнгөлөөгүй байна. Биднийг ногооныхоо үнийг нэмлээ гэж байгаа нь түрээстэй холбоотой юм. Бид дураараа үнээ нэмхгүй. Мөн худалдан авалт багассан. Хэрэглэгчид өмнө нь таван кг-аар авдаг байсан бол одоо нэг кг, нэг кг-ыг авдаг байсан хүмүүс 500 граммаар, хоёр гурван ширхгээр нь хүнсний ногоо авч байна. Үргэлжилсэн бороо орохоор ногооны үнэ нэмэгддэг. Учир нь ногоо хураах боломжгүй болох үеэр байгаа нөөц нь үнэд ордог. Манай үйлчлүүлэгчдийн дутагдалтай зан нь Хятад улсаас орж ирж байгаа нарийн ногоог 10 мянган төгрөг байсан ч дуугүй аваад явдаг. Тэгсэн мөртлөө монголчуудынхаа тарьсан хүнсний ногоог 2000 хүрэхээр үнэтэй байна гэдэг. Тэрэнд гомдолтой байдаг. Төв аймгийн Жаргалант, Борнуур сумаас бид ногоогоо нийлүүлдэг. Хүмүүс нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Ганцхан хүнсний ногоо бүх улиралд хямдарч бас үнэд ордог. Намар арван сард л үнэ тогтворждог. Түүнээс хойш  40, 50 төгрөгөөр нэмэгдэж явсаар, хавар 4-7 дугаар сарын хооронд ногоо хамгийн өндөр үнэд хүрдэг. Үүнийг л мэдэж аваасай" гэсэн юм. 



-НОГООНЫ ҮНЭ БОРООТОЙ ҮЕД ӨСДӨГ-

Манай сурвалжлах баг дараа нь Саруул худалдааны төвөөр зочилсон юм. Тус төвд төмс-1600, лууван-2500, байцаа-1200, манжин-2500, сонгино-3500 төгрөгийн үнэтэй байлаа. Саруул худалдааны төвд худалдаа эрхлэгч П.Оюунчимэг ярихдаа, "Би 30 жил ногоо тариаллаж байгаа хүн. Манайх өөрсдөө хувиараа Гачууртад бүх хүнсний ногоогоо 24 хүлэмжид тарьдаг. Коронавирус гарахаас өмнө ногоогоо бид ихээр тарьдаг байсан бол одоо борлуулалт цөөн байгаа учир бага хэмжээгээр тарьж байна. Шинэ ургац гарч байгаа долоо хоногтоо өндөр үнэтэй гарна. Тэрнээс хойш бол үнэ нь буураад явдаг. Манай улсын хувьд, ногоогоо нөөцлөх зоорь цөөтэй. Хавар нөөц байхгүй тохиолдолд үнэ хөөрөгддөг. Өнөөдрийн байдлаар, ногооны үнэ тогтвортой байна. Коронавируст цар тахал гарснаас хойш үйлчлүүлэгчид 60-70 хувиар багассан. Тиймээс бид өдөр 13.00 цагийн үед наймаагаа эхэлдэг болсон. Тариалалт хийдэг хүмүүсийн хүч хөдөлмөр маш их байдаг. Тэр хүмүүст л хэцүү. Манайх гэхэд өглөө таван цагт гараад зэрлэгээ түүгээд орой 12 өнгөрөөж гэртээ орж ирдэг. Борлуулалт хийж байгаа хүмүүс гайгүй. Бид бүхэн нэг ширхэг төмс, нэг ширхэг лууван авсан хүнд ч муу ногоо өгөхгүй байхыг зорьдог. Бүгдийг нь арван хуруугаараа ялгаж ирээд зардаг учраас тэр. Бороотой үед байцаа гэхэд л цул ус болдог. Тиймээс ногооны үнэ бороотой үед өсдөг гэдгийг ногоо тарьдаггүй хүмүүс мэддэггүй. Гэхдээ гадаа талбайн ногоо л үнэд орохоос биш хүлэмжид тарьж байгаа ногоонд бороо нөлөөлөхгүй" хэмээв.



-ИХ УРГАЦЫН ҮЕЭР ХАНШ ТОГТВОРЖДОГ-

Харин Баянзүрх худалдааны төвд, төмс- 1800-2000, лууван- 2500, байцаа-1500, манжин-3500, сонгино-2500-3000 төгрөгийн үнэтэй байна. Баянзүрх худалдааны төвд худалдаа эрхлэгч О.Энхмаа, "Миний хувьд, Барс бөөний худалдааны төвөөс Сэлэнгэ аймгаас ирсэн монгол ногоо авч худалдаалдаг. Үнэ өдөр бүр хэлбэлзэлтэй байдаг. Гэнэт 200-300 төгрөгөөр хямдрах тохиолдол бий. Бороо орохоор төмсөө хурааж чадахгүй учир 400-500 төгрөг огцом нэмэгддэг. Бөөний төвөөс нэг килограммыг нь 1500-1600 төгрөгийн хооронд аваад, энд 1800-2000 төгрөгийн хооронд борлуулдаг. Одоогийн байдлаар, тогтсон ханш байхгүй байна. Их ургацын үеэр л ханш тогтворждог. Коронавирус анх бүртгэгдэж эхлэхэд хэрэглэгчид огцом нэмэгдсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа хүнсний ногоог их хэмжээгээр худалдан авсан. Тэр үед монгол ногоо тасрах тохиолдол гарсан" гэлээ. 


Харин сурвалжлах баг Барс худалдааны төвд очиж хүсний ногооны үнэтэй танилцахад, төмс-2000, лууван-2600, байцаа-1200, манжин-3500, сонгино-3800 төгрөгийн үнэтэй байлаа.


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ