Т.Идэрхангай: Төрт улсынхаа нийслэлийг олчихлоо, одоо ном журмаар нь яаралгүй малтах нь зөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-20 17:35:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монгол нутаг дээрх хамгийн анхны төрт улсыг хүннүчүүд байгуулжээ. Хятадын түүхэн сурвалжид хүннүчүүд Хангайн нуруунд Лунчэн хэмээх хоттой байсныг тэмдэглэсэн байдаг. Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич, доктор, дэд профессор Т.Идэрхангай 10 жилийн өмнө Хүннүгийн улс төрийн төвийн судалгааг эхлүүлснээр анхны төрт улсынхаа нийслэл Лунчэнийг олоод байна. Түүнтэй өнгөрсөн хугацаанд хийсэн хүннүгийн судалгаа, Лунчэн хот болон бусад түүх, археологийн асуудлаар ярилцлаа.


-ХҮННҮГЭЭС УЛАМЖЛАЛТАЙ ТЭНГЭР ШҮТЛЭГ-



-Төв Азийн нутаг дахь хамгийн анхны төрт улс болох Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг оллоо гэж дэлхий даяар зарлалаа. Ингэж зарлах хангалттай үндэслэл бий юу?


-Хүмүүс арай эрт зарлачихав уу гэсэн зүйл яриад байгаа юм. Би анх энэ судалгааг 2010 онд эхлүүлсэн. Бага хугацаа биш.  Энэ хотын туурь нь Орхон, Тамирын голын уулзвараас хойно, Орхон голын хөндийд бий. 2010 онд Хүннүгийн улс төрийн төвийн судалгааг эхлүүлсэн. Тухайн үед Монголд таван мянга гаруй хүннү булш байлаа. Түүний 1418 нь язгууртны оршуулгын газарт байсан. Хүннүгийн оршуулгын газрын археологийн дурсгал дотор хаад, язгууртны булш нь гаднах байдлаараа өөр байдаг. Тодруулбал, хэмжээний хувьд том, үүдэвч бүхий дөрвөлжин далантай. Харин Хүннүгийн жирийн иргэдийн булш нь цагирган хэлбэрийн чулуун дараастай, бүлгээрээ нэг дор байдаг. Тухайн үеийн Монгол нутаг дахь 5000 булшны 1500 орчим нь язгууртны 10 оршуулгын газарт хуваагдан байрлаж байсан бол үлдсэн 3500 орчим нь жирийн иргэдийн оршуулгын газарт байлаа. Жирийн иргэдийн нийт булшийг газрын зурагт харахад Тамирын голын хөндийд маш олон булш байсан нь анхаарал их татсан. Ийм их олон булшны төвлөрөл өөр хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл, 60х30 км хэмжээтэй газарт 1335 булш байсан нь жирийн иргэдийн булшны гуравны нэг нь болж байлаа. Тамирын голын хөндийд ийм их булшны төвлөрөл байгаа нь тэнд хамгийн олноор хүннү нар байсан, тэд тэнд төвлөрч байсан гэдгийг заан харуулж байгаа хэрэг юм. Тиймээс энэ судалгааг үргэлжлүүлж Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Цэнхэр, Эрдэнэбулган сумдын нутагт ялангуяа Хануй, Хүнүй голын ай сав газраар нарийвчилсан хайгуул хийхэд, хойгуураа шинэ дурсгал илэрч байсан ч яг Тамирын голын хөндийнхтэй дүйцэх тооны булш илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 13 мянга гаруй хүннү булш илрээд байгаагийн 4000 гаруй нь буюу мөн л гуравны нэг нь Архангай аймгийн нутаг Тамир, Хануй, Хүнүй голын сав газарт л байна. Энэ бол хамгийн том бодит баримт юм.


Хоёрдугаарт, Хүннү нартай эн зэрэгцэж байсан Хятадын Хан улс гэж бий. Хан улсын ордны түүхч Сыма Цянь гэдэг хүн тухайн үеийн бүх түүхийг бичиж байжээ. Түүний бичсэн "Ши цзи" түүхэн тэмдэглэлийн 110 дугаар бүлэг дээр "Хүннү нарын шастир" хэмээх хэсэг бий. Тэр бол манай Хүннү нарын талаарх хамгийн анхны бодит, дэлгэрэнгүй эх сурвалж юм. Энэ тэмдэглэлд бичсэнээр, Хүннү нар Лунчэн хэмээх хоттой, тэр хотод тавдугаар сард их хуралдай хуралдаж найр хийгээд, тэнгэр газраа тахидаг хэмээсэн байдаг. Лунчэн гэдгийг ууган археологич Х.Пэрлээ гуай Луут хот гэж бичээд дараа дараагийн судлаачид шууд хэрэглэсэн нэр томьёо юм. Чэн гэдэг нь хана, хэрэмтэй хотыг заадаг ханз юм байна. Тэгэхээр хүннү нар хана, хэрэмтэй хоттой байсан гэдэг хамгийн анхны баримт эндээс гарч байгаа биз.


-Мэдээж хамгийн том баримт бол "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн ханз бүхий саравчит хашааны чимэглэл. Гэхдээ л Хүннүгийн нийслэл хотын туурийг оллоо гэж зарласан нь арай яарсан хэрэг биш үү?


-Тэгэхээр Хүннүгийн Луут хот буюу их хааны хуралдай зарладаг ордон бол Хангайн нуруунд байна гэж хятад сурвалжийн мэдээнд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр хотыг олохгүй байсан. Бид 10 жилийн турш Орхон, Тамир, Хануй, Хүнүйн голын сав газарт хүннү булш, хотуудын байршлыг нарийвчлан судалж явсаар 2017 онд энэ хотыг олсон юм. Дараа нь 2018 онд маш яарангуй үзчихээд явсан. Харин 2019 оны зун амралтаа тааруулан тухтай очиж үзэхэд маш их барилгын материал байсан.Тэдгээр барилгын материал дотор Шаньюй гэсэн үсэгтэй нүүр ваарны хагархай олсон нь Хүннүгийн хааны ордон байж болох анхны сэжүүрийг өгсөн. Тухайн үед хятад хэл мэдэхгүй учраас хятад ханз мэддэг хүмүүст харуулахад, "Шаньюй" гэсэн бичиг байна гэсэн. Шаньюй гэж хэн бэ гэдэг нь угаасаа ойлгомжтой. Ерөнхийдөө, 2017 онд анх олсон, 2018 онд яаруу үзсэн, 2019 оны 7 дугаар сард анхны "Шаньюй" гэсэн нүүр ваарны хагархай олсон, 2020 оны 5 дугаар сард Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн зарим бүс нутгаар хүннү булшны бүртгэл, хотын судалгааг хийхдээ дахин очиж "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн бичигтэй нүүр ваарны хагархайг түүж олсон. 2020 оны 7 дугаар сард анхны малтлага судалгааны ажлаа эхлүүллээ. Энэ бол гурван жил нягталсны үндсэн дээр зарлаж байгаа хэрэг.



Мэдээж шууд зарлах хэрэгтэй юу, үгүй юу гэж их эргэлзсэн. Гэтэл сурвалжийн мэдээ, булшнуудын байршил, "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн нүүр ваар өөр газар байвал хаана байх ёстой юм бэ. Хэрвээ байсан бол яагаад олдохгүй байгаа юм. Энгийн нэг ноёны ордныг "Тэнгэрийн хүү Шаньюй" гэж чимэглэх боломж байхгүй. Тиймээс энэ бол хааны ордон гэдэг нь илт. Бусад байгууллагын эрдэмтэд ч очиж үзээд мөн гэдгийг зөвшөөрч байгаа. Гэхдээ яг аль үеийн хааны ордон бэ гэдгийг л тогтоох хэрэгтэй. Энэ мэдээж дараа дараагийн судалгаагаар аяндаа тодорхой болох асуудал.


-Хятадын Сыма Цяны түүхэн тэмдэглэлд аль үеийг заасан байдаг юм бэ?


-Яг л Хүннү гүрний үе. Хан улсын хааны ордны түүхч тухайн үед мөр зэрэгцэн оршиж байсан хүннү нарынхаа тухай сурвалжид тэмдэглэж үлдээсэн. Яг аль үед хамаарах хааны ордон гэдгийг тогтоохын тулд малтлагаас гарсан эд өлгийн зүйлсийг энэ үеийн бусад олдворуудтай харьцуулах, зарим олдвороос дээж авч гадаадын нэр хүндтэй лабораторид шинжлүүлнэ.


-Хятадын Хан улсын ордны түүхч Сыма Цяны түүхэн тэмдэглэлээс өөр сурвалжид Луут хотын тухай өгүүлдэг үү?


-Хамгийн анхны мэдээ Сыма Цяны түүхэн тэмдэглэлд Лунчэны тухай л гардаг. Түүний дараагаар Хан улсын түүхч Бань Гугийн бичсэн "Хан улсын бичиг"-ийн Хүннүгийн шастирт гардаг. Ер нь бол, Сыма Цяны мэдээ баримтыг дараа дараагийн сурвалж бичгүүдэд давтан өгүүлсэн байдаг. Хан улсын бичиг нь “Түүхэн тэдэглэл”-ээс 100 гаруй жилийн дараа бичигдсэн сурвалж.

Бидний олсон нүүр ваар дээр "Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр шиг өнө мөнх, мянга түм насла" гэсэн байгаа. Нарийн судалбал, дараа дараагийн монгол сурвалжуудтай ч холбоотой. Тухайлбал, Түрэгийн Билгэ хаан, Культегин жанжны гэрэлт хөшөөний бичээс эхлэхдээ, "Тэнгридэг, тэнгридэ" гэсэн байдаг. Бидний олдвор дээр "Тиан" буюу тэнгэр гэсэн ханз хоёр байгаа юм. Хосоороо хоёр тэнгэр гэсэн утгатай. Түрэгийн дурсгалын хөшөө "Тэнгэр шиг тэнгэртэй" гэж эхэлж байгаа нь манай өөрсдийн уламжлал болж таараад байгаа юм. Мөн Монголын нууц товчоонд мөнх хөх тэнгэр, дээд тэнгэрээс заяат гэх мэт үг хэллэг байдгийн уламжлал нь Хүннүгийн үеэс эхтэй байсныг харуулж байна гэж бодож байна. 

 

-Туркчууд өөрсдийгөө Түрэг угсааных гэж ярьдаг юм билээ. Ер нь манай монголчууд Туркуудтэй угсаа гарал холбоотой юу?


-Түрэг бол одоогийн Турк биш шүү дээ. Монголын нэг салаа байсан гэж манай эрдэмтэд хэлээд бичээд байгаа шүү дээ. Миний бодлоор, манай Их Монгол Улсын үеийн олон монгол ханлигуудтай л адил гэсэн үг. Тодруулбал, Мэргэд, Хонгирад, Онгуд гэдэгтэй ижил. Луут хотын саравчит хашааг "Тэнгэрийн хүү Шаньюй, тэнгэр шиг өнө мөнх, урт удаан насла" гэсэн ерөөлийн үгтэй чимэглэлээр битүү чимжээ. Тэгэхээр энэ хааны ордноос өөр юу байх билээ дээ.



-ХАМГИЙН ЭРТНИЙ ХОТ-



-Луут хотын хэмжээг том гүрний нийслэл гэхэд хангалттай хэмжээ гэж үзэж байна уу?


-Энэ бол Монголын нутаг дахь хамгийн эртний хот шүү дээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн хамгийн анхны төрт улсыг хүннү нар байгуулсан. Хүннү нар өнөөдрийн Улаанбаатар шиг том нийслэл барихгүй нь ойлгомжтой. Түүнийг хүмүүс томоор төсөөлөх шаардлага байхгүй. Угаасаа бусад Хүннүгийн үеийн хотууд үүнээс ч жижигхэн талбайтай байгаа юм. Жишээлэхэд, Гуа дов хот давхар хэрэмгүй. Гэтэл Луут хот нь давхар хэрэмтэй гэдгээрээ хамгийн анхных. Давхар хэрэмний хэмжээ гэхэд л 550 х 550 м гэдэг бол хүннү нарын хувьд маш том хот. Хүннүгийн дараа Сяньби, Жужан, Түрэг, Уйгур зэрэг олон төрт улс Монгол нутагт оршсон. Уйгурын нийслэл Хар балгас манай Луут хотын урд талын хөндийд байгаа юм. Тэр Хар балгасын ордны хэмжээ Луут хотынхтой яг ижилхэн. Гэхдээ тэр бол дараа дараагийн маш олон эзэнт гүрэн солигдсоны дараа буюу хүн ам төвлөрсний дараа байгуулагдсан нь ойлгомжтой. Тиймээс хамгийн анхны нүүдэлчдийн төрт улсын хааны ордон гэхэд хэтэрхий том юм.


-Ази, Европын нутагт Хүннү нарын 30 орчим хот илрүүлэн судалж байна. Заримыг нь Луут хот байх магадлалтай гэдэг. Тэгвэл та бүхний илрүүлсэн Луут хот тэдгээрээс юугаараа онцлог вэ?


-Бид хотын зохион байгуулалтыг мэдэхийн тулд хашааны ханыг зүсэж 7х10 метр талбайд малтлагаа эхэлсэн. Үүнээс "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн хагархай нүүр ваар олдож байгаа юм. Яг үүн шиг бичиг хүннү нарын 30 орчим хотын алинд нь ч байхгүй. Судлаачид хүннү нарын хотуудаас нэлээд хэдийг малтсан байдаг. Ялангуяа, Хэрлэн голын ай сав газрын таван хотын гурвыг нь нэлээн сайн малтсан. Тэдгээрээс ийм бичигтэй нүүр ваар гараагүй. Бид ордны хашааны хэсгийг л малтсан. Хашааг тэр чигт нь малтвал "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн ханзтай нүүр ваар битүү гарч ирнэ. Сайн харвал зарим нь цухуйж байдаг. Олон талын судалгаагаар энэ Хүннү нарын улс төрийн төв гэдэг нь батлагдаж байгаа.


Хүннү нарын 30 орчим хот илэрснээс манай эрдэмтдийн ярьдаг 16 хот байгаа. Түүнийг хаа байсан 2010 оноос ярьж байсан, өнөөдөр ч ярьсаар л. Археологийн судалгаа өнөөдөр маш нарийн болж 30 орчим Хүннүгийн хотыг судалж байна. Тэдгээрт хамгаалалтын хот, гар урлалын хот, аж үйлдвэрийн хот, тахилын шинжтэй зэрэг хот багтаж байна. Тэдгээрийн хамгийн олон нь буюу Орхон, Тамир голын ай сав газар 11 хот байна. Гэтэл бусад Хэрлэнгийн сав газар таван хот зэрэгцэж байгаа юм. Бидний илрүүлсэн Луут хот бол хэмжээний хувьд том.  

Архангай аймгийн Хануй, Хүнүй голын савд оршдог “Гол мод 1, 2”-т Хүннүгийн язгууртны хамгийн том булштай, хамгийн тансаг олдвор гардаг. Энэ 2 оршуулгын газар манай Луут хотоос холгүйхэн 80-100 км-ийн радиуст байрладаг. Мэдээж энэ хааны ордны булш тэнд байгаа юм. Тиймээс юу ч байхгүй, хааны булш ч байхгүй зэлүүд газар байсан бол мэдээж Хүннү нарын нийслэл байх магадлал бага.



-Тэгэхээр олон жилийн судалгааны баримтад тулгуурласан учир Хүннүгийн нийслэл Луут хот лавтай мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй юм байна, тийм үү?


-Миний бие 2019 оны 11 дүгээр сард үүнийг зарлах гэж байгаад больчихсон. Тухайн үед би зарласан бол өөр хүнд энэ нээлтээ алдах эрсдэл байсан. Миний олсон зүйлийг зарлачихлаа, би мэдэж байсан юм гэдэг хүмүүс гарч ирж магадгүй юм. Тиймээс эхлээд гар хүрч байгаад зарлаж байгаа нь энэ. Одоо бол анхны малтлагаа хийсэн тул хэн ч барьцахгүй бас булаацалдахгүй гэж итгэж байна. Ер нь манай улсад хүний юмыг булаах, зохиогчийн эрхийн асуудал газар сайгүй байдаг шүү дээ. Энэ бол юм хийдэг хүнийг байнга дагаж явдаг зовлон.

 

-ЛУУТ ХОТ ЛУУТ БИШ-



-Хүннү нар нийслэлээ Луут хот гэж нэрлэжээ. Гол мод-2 төслийн археологийн судалгаагаар Хүннү булшнаас луу шиг амьтан дүрсэлсэн бөөрөнхий олдвор олдож дэлхийд нээлт болсон нь саяхан. Ер нь хүннү нар луу гэдэг амьтныг үнэхээр шүтдэг байсан уу?  


-Ахмад археологич Х.Пэрлээ анх 1961 онд хэвлүүлсэн БНМАУ-ын эрт, дундад зууны хот, суурины товчоон гэдэг номдоо, Хүннү нарт Лунчэн буюу Луут гэдэг хот байсан, тэр нь тухайн үеийн  Хятадын түүхчдийнхээр манай Хангайн нуруунд байгаа гэж бичсэн. Тэгэхээр энэ хот цэцэрлэгийн чуулган буюу одоогийнхоор, Архангай аймагт байна. Энэ баримт Хятадын дараа дараагийн бүх сурвалжид ишлэгдсэн хэмээн анх Х.Пэрлээ гуай Луут хот гэдэг нэрийг Монголын түүхийн ном, зохиолд оруулж ирсэн.

Лунчэн гэдэг нь яг ч Луут хот гэсэн үг биш юм байна. Х.Пэрлээ гуай Лун гэдэг бичлэгийг Луу гэж орчуулсан бололтой. Гэтэл Лун гэдэг ханз нь дуудлага, авиагаараа дөрвөн янз байдаг. Лунчэн хотын Лун нь өвс, ус тэгширсэн байгалийн сайхан гэдэг хятад ханз юм билээ. Өөрөөр хэлбэл, байгалийн сайхан, өвс, ус тэгширсэн буюу хүн амьдрах нөхцөл бүрдсэн газар хот байна гэж бичсэнийг луутай андуурчихсан. Үүнийг Г.Сүхбаатар, Ц.Доржсүрэн зэрэг  дараа дараагийн эрдэмтэд ч иш татаад Луут хот гэдгээр нь нэрлээд заншчихсан. Энэ ханзыг авиагаар нь тайлбарласан хятад, өвөрмонгол, герман, орос, франц, японы эрдэмтдийн судалгааны өгүүлэл ч гарчихсан байдаг юм билээ.


Манай Гол мод-1, 2 төслийн судалгааны хүрээнд үлгэрийн амьтны дүрстэй олдвор олдсон. Үүнд олон амьтны шинж багтсан. Тодруулбал, бар толгойтой, далавчтай, ганц эвэртэй домгийн амьтан юм. Үүн шиг амьтны дүрс Европ, Хятадаас олдоогүй, энэ бол зөвхөн Хүннү нарын ертөнц. Хүннү нар өөрийн гэсэн урлагийн ертөнцтэй агуу гүрэн байсан гэдгийн баталгаа нь энэ юм.


-Хэрлэн голын сав газарт илэрсэн Гуа Дов хотыг Хүннүгийн хааны зуны ордон байх магадлалтай хэмээн өмнө нь судалж байсан...?


-Хэрлэнгийн сав газарт байгаа Гуа дов нь зэрэглэлийн хувьд манай хотоос ялимгүй доор байна. Үүнийг бид олоогүй байх үед тэр хот хамгийн зэрэглэл өндөр байсан нь үнэн. Зарим судлаачид Хэрлэнгийн сав газарт байгаа хотууд бол Хүннүгийн Шаньюйгийн орд газар гээд ном гаргасан байгаа. Тэр хот нь манай хоттой зохион байгуулалтын хувьд маш их төстэй. Гэхдээ манайхтай ижилхэн хашааны чимэглэл нүүр ваар олдсон ч дээрээ хээ, угалзтай. Харин манай малтлагын нүүр ваар дээр "Тэнгэрийн хүү Шаньюй" гэж бичсэн байгаа нь түүнээс зэрэглэл дээгүүр гэдгийг илтгэж байгаа хэрэг. Хэрвээ Хэрлэнгийн сав газарт хааны ордон байсан бол "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн нүүр ваар тэндээс л олдох байсан байх. Бодит түүхийг бид яаж ч өөрчилж чадахгүй шүү дээ.

 


-НҮҮДЭЛЧДИЙН ТӨВ ОРХОНЫ ХӨНДИЙ-



-Хааны ордны онцлог нь юу вэ, бусад хүннү нарын хотуудаас юугаараа ялгаатай байна вэ?


-Хааны ордны яг дөрөвний нэг нь хүний гараар хийсэн усан сан байгаа юм. Энэ усан сан хүннү нарын хотуудаас хамгийн том усан сантай нь. Энэ бол маш тансаг хот гэдгийн илэрхийлэл. Зуны ордон учраас дөрөвний нэгд нь усан сан байгуулжээ. Манай төв бассейнаас ч том буюу 90 x 60 метр хэмжээтэй. Энэ усан сан руу явсан суваг, хоолойнууд хүртэл байна билээ. Энэ хот олон түүхийн асуудлыг өөрчлөх боломжтой. Учир нь Хятадын сурвалжид хүннү нарыг хот, хэрэмгүй, бараг төрт улс байгаагүй зэргээр бас бичсэн нь ч бий. Ерөнхийдөө зэрлэг, бүдүүлэг морь унасан нөхдүүд гэж. Гэтэл тэднээс илүү соёл иргэншилтэй хот байгуулчихсан байна шүү дээ. Үнэхээр Хүннү бол гүрэн байсан гэдгийн баталгаа юм.


-Монголын нутагт илэрч байгаа эртний улс гүрнүүдийн нийслэл ихэвчлэн Орхоны хөндийд байна. Та бүхний илрүүлсэн Луут хот нь тэдгээрээс ямар онцлогтой вэ?


-Одоогийн олсон Хүннүгийн орд өргөө бол дараа дараагийн хотуудын эх уламжлал нь гэж ойлгож болно. Учир нь энэ өөрөө хамгийн эртнийх тул дараагийн хотууд үүнээс эх улбаагаа авах нь мэдээж. Луут хотоос урагш 80 км-т Хархорум хотын туурь бий. Манай хотоос урагш 60 км орчимд Уйгурын нийслэл Хар балгас байгаа. Хар балгасаас зүүн тийш гол гараад Хөшөө цайдамд Түрэгийн хаадын тахилын газар бий. Сурвалжийн мэдээнд Хятаны Мумечен буюу Мумэ хот Лунчэн хотын ойролцоо байгаа гэдэг ч одоогоор хараахан олдоогүй. Тэгэхээр тэр орчим газар үе үеийн нүүдэлчдийн улс төрийн төв байсан байна. Тэр хэсэг газар бол бүх талын ач холбогдолтой газар гэдэг нь тодорхой. Хамгийн эртнийх гэдэг утгаараа Хүннүгийн хот алинтай нь ижил гэх биш, бусад нь түүнтэй ижилхэн байна гэж хэлэх ёстой.

Хотын баруун талын ууланд урд, хойд зуух гэж бий. Тэр хоёр зуухын ард талын ууланд Төмөртэй уул гэж байгаа. Дотроо гурван том хонхорхой бүхий төмрийн ухмалтай. Магадгүй, тэнд хүннү нар дайн байлдаанд хэрэглэж байсан зэр зэвсгээ хийж байсан байх. Мөн барилгын материал шатаасан зуухнууд болон хотыг түшсэн гар урлалын үйлдвэрлэл эрхэлсэн газар ч тэнд байгаа.



-Ер нь, эртний хотууд хиймэл нууртай байдаг нь ямар ач холбогдолтой байв?


-Энэ бол язгууртнуудын зэрэг дэв, нэр хүндтэй холбоотой асуудал. Манай Хархорум хот ч урдаа цөөрөмтэй. Чингис хаан Чаньчун бумбатай уулзаад "манай шаньюйгийн үеэс" хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр Чингис хаан хүртэл өөрийн өвөг дээдсээ Хүннү нар гэж мэддэг байсан байна. Хархорум хотыг байгуулсан уламжлал нь Хүннүгээс улбаатай гэдэг нь мэдэгдэж байна шүү дээ. Хүннүгийн нийслэл маш том усан сантай, Хархорум ч ижилхэн. Нүүдэлчдийн хувьд, зуны ордны үзэмжийг илэрхийлдэг тогтсон уламжлал байж л дээ.


-Манай улсад олдож байгаа эртний хотууд Хятадын хотуудаас хэв маягаараа ямар ялгаатай байна вэ?


-Луут хотын хувьд зохион байгуулалт нь Хан улсын хоттой ижил зохион байгуулалттай. Миний бодлоор, Хан улсын урчууд барьсан байх. Гэхдээ нуур Хятадын аль ч хотод байхгүй юм билээ. Энэ бол Грек, Ромд байдаг.


-Та Луут хотын туурийг 2017 онд олсон гэлээ. Археологичид ер нь түүхэн дурсгал байж болох газрыг яаж тогтоодог юм бэ?


-Археологи, хайгуулын судалгаа бол маш нарийн ажил. Археологичид мөнгө олоод л уул болгоны жалга, ам руу ороод явах боломжгүй. Бид эхлээд тандалт судалгаа хийдэг. "Google earth" гэх мэт газрын зургийн программыг ашиглан түүхэн дурсгал байж болох газрыг эхлээд хайснаар, явах хэрэгтэй, хэрэггүй газар гэдгийг нь мэдэж болно. Миний хувьд эхэлж тандалт судалгаагаа явуулчихаад дараа нь зөвхөн олсон дурсгалаа баталгаажуулж авдаг. Тэгээд 2017 онд олсон. Тэр үед хотын туурь тэр чигтээ тариалангийн талбайн дунд байсан болохоор зохион байгуулалт нь ихээр эвдэгдсэн харагдаж байсан. Гэхдээ ойр орчимд нь хүннү булш, эртний хот суурин их байсан учраас л очиж үзэх шаардлагатай гэсэн санаа төрсөн. Хамгийн анх 2018 онд хажуугаар нь явахдаа хальт очоод яах аргагүй хотын туурь мөн байна гэж харсан. Ноднин яг зорьж очиход барилгын материал, дээврийн ваар нь битүү хөглөрөөд байж байсан даа. Ерөнхийдөө ноднин долоодугаар сард малтлага эхлэхээс жилийн өмнө очиж үзээд олдвороо олчихсон байсан.


-"Тэнгэрийн хүү шаньюй" гэсэн нүүр ваарнаас өөр олдвор гарсан уу?


-Бид одоогоор зөвхөн ордны хашаа хэсгийг л малтсан, ордон руу ороогүй байгаа. Тэр олдвор бол хашааны чимэглэл. Дараа хөрөнгө, санхүүтэй болбол нарийн судалгааг явуулна.



-Нүүдэлчдийн анхны төрт улсын нийслэл гээд зарлачихлаа. Олон улсын эрдэмтэд үүнийг яаж хүлээж авч байна вэ?


-Би долоодугаар сарын 17-нд "Фэйсбүүк" цахим хуудсандаа, тэнд ажиллаж байгаа, "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн ханз бүхий нүүр ваар олсон, Луут хот байх магадлалтай гэсэн мэдээлэл оруулсан нь маш олон хүнд хүрсэн. Маргааш нь Синьхуа агентлагаас холбогдож мэдээлэл авсан бөгөөд уг мэдээг нь 120 гаруй гадна дотны сайтууд иш татаж мэдээлсэн гэж байсан.

Хятадын түүхэн сурвалжуудыг монгол хэлэнд буулгасан Б.Батжаргал гэж хуурай ах минь бий. Тэр хүн надад Хятадын хэвлэлээр Идэрхангай гэдэг нэрийг буулгаж чадахгүй "Их хаан" гэдэг хүн Хүннүгийнхээ нийслэлийг олжээ гэж  шуугиж байна гээд баяр хүргэж байсан. Хятадын археологийн томоохон сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн хүртэл өөрийн цахим хуудаснаас Монголд дэлхийн хэмжээний том нээлт, судалгааны ажил эхэлж байна гэж байсан. Унгар, Турк болон ОХУ-ын Спутник агентлагаар мэдээ гарсан байна билээ. 


-Цаашид судалгаагаа хэрхэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна вэ. Манай судлаач нарын гол асуудал санхүүгийн хүндрэл байдаг болов уу?


-Одоогоор Засгийн газрын бүх түвшинд яригдаж байна. Бид хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдтай уулзсан. Биднийг хүлээж аваад, энэ бол манай тулгар төрийн нийслэл яах аргагүй мөн байна гээд, биднийг багаар нь дэмжиж ажиллуулна гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайдад би тайлбарласан юм. Энэ бол олон талын судалгаагаар батлагдаж байгаа, гэв гэнэт гарч ирээд сенсацилж байгаа зүйл огт биш. Археологийн хүрээлэнгийн судлаачид өөрсдөө очиж үзээд Хүннүгийн үеийн хот мөн гэдгийг ер нь л хүлээн зөвшөөрч байгаа шүү.  

Дараагийн шатанд хамгаалах ажил явагдах ёстой. Улсын төсөвт мөнгө суулгана гэж ярьж байгаа. Ингэснээр, тулгар төрийнхөө нийслэлийг олон жил, нарийн судлах ажил үлдэнэ. Олчихсон юм чинь юу юугүй дараа жил бүгдийг нь судалж дуусгана гэж яарах хэрэггүй. Маш нарийн зохион байгуулалттай малтах л хамгийн чухал.


-Манай археологичид малтлага, судалгаа хийхэд багаж, тоног төхөөрөмжийн хувьд бэрхшээл бий юу?


-Манай сургууль Хүннү судлал чиглэлээр маш хүчтэй судалгаа хийдэг. Манай тэнхим өөрөө археологийн хичээл заадаг 8 багштай. Мөн доороосоо залгаад явж байгаа 6-7 магистр, дахиад 1-4 дүгээр дамжааны 30 гаруй оюутан байна. Археологийн малтлагын хувьд манай сургууль хангалттай том багтай. Хүрээлэнгийн ямар нэгэн сектор гэхэд дотроо 4-5 хүнтэй байдаг. Харин манай баг мэргэжлийн ангийн оюутнуудтай шүү дээ. Манай тэнхим 20 гаруй жил археологийн судалгаа явуулж байгаа, багаж хэрэгслийн хувьд хэнээс ч дутахгүй. Гол нь мөнгө, санхүүгийн асуудлыг шийдээд өгвөл хэнээс ч илүү судалгаа хийх чадамж бидэнд байна.



-Гадаадын судалгааны байгууллага, археологичид Луут хотын судалгаанд тусалж хамтрах санал ирүүлж байна уу?


-Би энэ хотыг олсныхоо дараа баруун болон Монголын төв нутгаар ажиллаж байсан Оросын Санктпетербургийн их сургуулийн профессор, Төрийн Думын гишүүн эрдэмтэн хүнд хэлсэн. Хятад ханзыг нь харуулаад, гэхдээ тухайн үед би тэр үгийг нь мэдээгүй байсан. Тэр хүн үүнийгээ хэнд ч битгий хэл, зөвхөн хоёулаа мэдэж байхад болно. Чиний дараа жилийн бүх санхүүжилтийг би бүрэн даана гэж байсан. Түүнтэй би найман жил хамт ажилласан зан зангаа мэдэлцэнэ. Хүний хувьд сайн хүн. Удалгүй төлөвлөгөө яаж гаргах гэж байна, хэдэн сард малтах вэ, Монгол-Оросын талаас хэд хэдэн хүн оролцуулах вэ гэж байсан. Тухайн үед би залуу хүн учраас Санктпетербургт ажиллаж байсан монгол эрдэмтдийн тайланг үзье гэсэн. Тэр хүн чи хүссэнээ хий, тэнд амьдарч ч болно гэж байсан. Тэр үед надад сайхан санагдаж байсан ч ихэнх тохиолдолд хүмүүс санхүүжилтээ өгчихөөд, дэлхийд зарлахдаа өөрсдөө олсон юм шиг зарладаг жишээ бий. Мань мэт нь орчуулагч шиг л гардаг. Тэр утгаараа төрт улсынхаа нийслэлийг хоосон ч байсан ганцаараа малтах нь зүйтэй гэж шийдээд, тэр хүнтэй хамтран ажиллах боломжгүй боллоо гэдгээ дуулгасан. Сургуулиас жаахан мөнгө өгнө гэж байна гэж хэлсэн. Гэтэл тэр хүн надтай тохирсон биз дээ, чиний амьдралыг орвонгоор нь өөрчлөх байсан, чи юу алдаж байгаагаа мэдэж байна уу гэх зэргээр дарамталсан өнгө аясаар цахим шуудан илгээсэн. Монгол хүн өөрөө үүнийг зарлаж малтах ёстой гэсэн бодол төрсөн тул гадаадын хэнтэй ч хамтарч ажиллахыг хүсээгүй.


-Тэгвэл судалгааны багтаа дотоодын байгууллагуудын төлөөлөл оролцуулах уу?


-Монголчууд гэхээр төв байгууллага, тэр хүрээлэн гэсэн юм байхгүй. Энэ бол миний олон жилийн хөдөлмөр. Би 10 жил судалгаа хийхдээ хэнээс ч мөнгө гуйгаагүй. Үүнийг олох шалтгаан нь би өөрөө Архангайнх гэдэг их нөлөөлсөн байх. Яг тэр гурван голын сав газар, жалга, уул болгоны амыг самнасан. Миний яваагүй газар үлдээгүй. Явсан гурав, дөрвөн сумын хэмжээнд 10 мянга гаруй дурсгал бүртгэгдэж байгаа юм. Зөвхөн миний олсон хүннү булш тэр орчимд гэхэд л 2000 орчим байгаа. Би өөрийн сонирхол, мэргэжил, судалгаанд хөтлөгдөөд бензиний мөнгө олдсон даруй л гараад явчихдаг байсан.


-Цаашид үүнээс өөр судалгаа руу орох бодол байна уу?


-Би багш хүн учраас Монголын археологийг арай дээрээс хардаг гэж боддог. Монголын археологид бараг 20-иод жил ажиллаж байна. Оюутан байхаасаа Франц, Швейцарь, Турк, ОХУ, АНУ-ын томоохон экспедицид явж байсан. Эгийн голын судалгааг өөрөө удирдаж ажиллаад Монголын хамгийн эртний булшнуудыг олж байсан. Үүгээрээ 2015 онд шилдгийн шилдэг нэг судалгаагаар шалгарч байлаа. Өнгөрсөн жил гэхэд, Хүннүгийн өвөг дээдэс хэн бэ гэдэг судалгааг давхар явуулсан. Үүгээр Хүннү булш, дөрвөлжин булш хоёр нэг гэдгийг баталсан. Хүннүгийн өвөг дээдэс дөрвөлжин булш мөн гэдгийн булшны бүтцийн хувирлаар нь яг тодорхой баримтаар баталж чаддаггүй байсан. Учир нь дөрвөлжин булш гэдэг дөрвөлжин зүйл яагаад дугуй буюу цагирган хэлбэртэй болчихов гэдэг дээр баримтаа олохгүй байсан юм. Миний хувьд боломж л гарвал хөдөө орон нутгаар явахыг эрмэлздэг. 2018 онд ингэж яваад өвөрмөц булшнууд олсон бөгөөд 2019 онд малтан судлахад дээрх асуудлыг шийдвэрлэх баримтыг олсон. Энэхүү судалгаа маань "МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2019"  оны шилдэг 5 судалгааны нэгээр нь шалгарсан билээ. Археологийн судалгаа явуулдаг байгууллагууд 2015 оноос нэгдэж жилд нэг удаа хуралдаж хэн, хаана, ямар судалгаа хийснээ танилцуулдаг уламжлал тогтоод хэдэн жилийг ардаа орхиод байна даа.  


-ЦЭЦЭГЛЭЖ БУЙ МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-



-Ер нь та Монголын археологи аль түвшинд хөгжиж байна гэж үздэг вэ?


-Одоо Монголын археологийн цав цагаан байсан хуудсууд бараг бүгд нөхөгдсөн. Тухайлбал, 10 гаруй жилийн өмнө дундад зууны үеийн булш олддоггүй байсан. Жишээлбэл, Сяньби хэмээх түүхийн бүхэл бүтэн үе байхад булш нь олддоггүй, мөн Түрэг, Уйгурын язгууртны булшнууд, Жужаны үеийн булшнууд гэх мэт олон үеийн булшнууд тодорхойгүй байлаа. Гэтэл сүүлийн 10 гаруй жилд Сяньби, Түрэг, Уйгур, Жужаны үеийн булшнууд олдоод байна. 10 гаруй жилийн өмнө тухайн үеүүдийн жирийн иргэдийн булш, тахилын шинжтэй дурсгалууд л олдож байсан ч яг оршуулгын дурсгал, тэр дундаа язгууртны булшнууд олддоггүй байсан. Түүхэн сурвалжид Сяньби гэдэг нэг бүтэн үе байхад үлдээсэн зүйл байхгүй, сүүлдээ хүмүүс Сяньби гэж яг байсан юм уу гэж эргэлзэж эхэлсэн. Иймээс Монголын археологи өмнөх үетэй харьцуулахад маш сайн хөгжиж байна. Гэхдээ яг бүхлээр нь харвал бидэнд хийх ажил асар их байгаа. Манай улс үнэхээр түүх соёлын баялаг орон. Оросын нэрт судлаач Петр Кузьмич Козлов, энэ дэлхийн газрын доор болон хөрсөн дээр хамгийн их түүхэн дурсгалтай орон Монголоос өөр хаана ч байхгүй гэж тэмдэглэсэн байдаг. Тэр хүн газар сайгүй явж судалгаа хийсэн хүн юм.

Монголд археологийн дурсгал маш их тул өнөөдөртөө бие биеийнхээ судалж буй дурсгалыг булаалдах хэмжээнд хүрээгүй. Судалгаа ахалдаг докторууд цөөн байна. Судлах, малтах дурсгалууд маш их байна. Ядаж бид нэг үеийнхээ дурсгалыг эцсийн хувилбараар судалж чадаагүй. Хүннү булш 13 мянга байгаагаас ердөө 500 гаруйг нь л малтаад байна шүү дээ. Тэгэхээр Монголын археологи 100 гаруй жилийн түүхтэй ч хөгжил нь одоо ид цэцэглэж байна.



-Монголын археологид экспедиц удирддаг цөөн доктор байна гэлээ. Тэгвэл археологийн салбарт хүний нөөц хангалттай биш юм байна, тийм үү?


-Бодоод үзэхэд манай археологичид дэндүү цөөдөж байгаа. Гэтэл түүхэн дурсгал нь үй зайгүй. Нэгдсэн бодлогоор бүх түүх соёлын дурсгалаа бүртгэж авч чадахгүй байгаагаас тонуулчдад ухуулаад байгаа юм. Уг нь тухайн орон нутгийн Засаг даргаас эхлээд Соёлын төвийн эрхлэгч, Байгаль хамгаалагч хүртэл хамгаалах үүрэгтэйг хуулиар зохицуулсан байдаг. Гэтэл манай байгаль хамгаалагч нар ан амьтан, ой модоо л хамгаалахаас түүх соёлын дурсгал устаж үгүй болж байна уу, үгүй юу гэдгийг хайхардаггүй. Зарим булш, бунхан хаана байдгийг ч мэддэггүй. Мэдэхгүй учраас хамгаалж чаддаггүй. Бид адаглаад олон археологичтой болбол бүх аймгийн газарт иж бүрэн хайгуул хийж түүх дурсгалаа бүртгэлжүүлэх, үүндээ тулгуурлан дурсгалт газруудаа орон нутгийн хариуцдаг хүмүүст нь сайтар ойлгуулж, таниулж байж хамгаалж чадна. Бүртгэл муугаас болоод хаана юу байгаагаа мэддэггүй, мэдэхгүй дурсгалаа яаж хамгаалах билээ дээ. Энэ тал дээр нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа юм.


-Одоо Луут хотыг хэрхэн хамгаалсан бэ?


-Луут хотын ач холбогдлыг хүн бүр ойлгож мэдсэн. Орон нутгийн засаг, захиргаа хамгаалалтад авсан. Мөн тус газрын орчимд нэг айл байнга өвөлжиж, хаварждаг. Цаашдаа үүнийг байнгын харуул, хамгаалалттай болгож хаших хэрэгтэй. Тэгвэл мал орохгүй, машин зам гарахгүй, хүн хүрэхгүй болно. Яам хашаа барих асуудлыг ярьж байх шиг байна. Одоо бол ярих биш хамгаалалтад авах л хамгийн чухал.


-Хархорум хотын судалгаа 1999 онд эхэлснээс хойш бараг 20 гаруй жил боллоо. Та Луут хотын судалгааг цаашид хэр удаан үргэлжилнэ гэж тооцож байгаа вэ?


-Хархорин хотын судалгаа 1999 оноос хойш өнөөдөр хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Луут хотын судалгаа маань яг хэдэн жил үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Бид яараад, тэвдээд байх шаардлагагүй. Төрт улсынхаа нийслэлийг олчихлоо, дараа нь малтах ажлаа ном журмаар нь яаралгүй зөв малтах нь чухал. Малтана гэдэг устгана гэсэн үг шүү дээ. Тиймээс анхных нь байрлал хөдлөхөөс өмнө сайн баримтжуулаад, олдворуудаа авах ёстой. Уялдаа холбоо, системтэй судалж музейгээ байгуулаад гарч ирсэн олдворуудаараа чимээд байвал дэлхийн жуулчид шуурна, Монголын нүүр царай ч болно. Нөгөө бүдүүлэг, зэрлэг, морь унасан нөхөд чинь хоттой болчихсон, хамгийн анхны төрт улсынх нь нийслэл ямар байсныг харна шүү дээ. Дөнгөж эхэлж буй энэ судалгаа бол түүхийн олон асуудлыг өөрчилж залруулах, зарим зүйлийг баталгаажуулах чухал ач холбогдолтой. Хүмүүс биднийг зөвхөн мөсөн уулынхаа оройг харлаа гэж хэлж байна. Оройг нь харсан юм чинь цаашид юу ч гарч ирэхийг бид төсөөлшгүй. Хүннү нарын өөрсдийн бичиг үсэгтэй дурсгал ордон дотор л байгаа болов уу гэж таамаглаж байна.

Холбоотой мэдээ