Цар тахалтай тэмцэхэд 100 сая ам.долларын зээлийн дэмжлэг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-24 18:38:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр буюу COVID-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.


Хэлэлцээрийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах ажилд зориулж 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусний халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар тус банктай тохиролцоод байна.


Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй. Тодруулбал, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь.  Санхүүжилт нь COVID-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, багасгах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.


Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд, зөвшилцөхийг дэмжсэн талаар санал, дүгнэлтээ хуралдаанд танилцуулсан.  


Хэлэлцэж байгаа ауудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Энхболд нар үг хэлэв. 


Ийнхүү Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийг газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Холбоотой мэдээ